БНХАУ-ын төрийн зөвлөлийн дарга Вень Цзябао, Өмнөд Солонгос, Япон улсуудын төрийн тэргүүнүүдийн хамт өмнөд солонгосын «Чхонан» байлдааны хөлгийн амь үрэгдсэн далайчдын дурсгалыг хүндэтгэж нэг минут дуугүй зогслоо. Бүс нутгаар ажлын айлчлал хийж байгаа БНХАУ-ын засгийн газрын тэргүүн, байлдааны хөлөг живсэн хэрэгт Пхеньян буруутай гэсэн дүгнэлтийг яаран хийхгүй байна. Энэ сэдвийг манай тоймч Игорь Денисовын тайлбар үргэлжлүүлж байна.
Хятад улс, бүс нутгийн бусад гүрнүүдийн хамт болсон явдлыг зохицуулахад оролцоход бэлэн байна. Сүүлийн үед ажиглагдаж байгаа хоёр талын болон олон талын уулзалтууд, Бээжин нөхцөл байдлаас гарах дипломат арга замыг хайж байгаа нь харагдаж байна. Харин АНУ, Япон, Өмнөд Солонгос улсууд цугтаа болон ганц нэгээрээ, Ким Чен Ирийн дэглэмд шахалт үзүүлэх хэрэгтэй гэж Хятад улсыг ятгаж байна. Гурван талын хэлэлцээн дээр, Хойд Солонгосыг буруутгаж байгаа дуу хоолой дээр БНХАУ-ыг нэгтгэхийн тулд Вень Цзябаод маш хүчтэй шахалт үзүүллээ. Гол зорилго нь, хойд солонгосын дэглэмийг тусгаарлаж, сулруулах явдал байлаа гэж ШУА-ын Эдийн засгийн хүрээлэнгийн солонгосын хөтөлбөрийн захирал Георгий Толорая үзэж байна: Хятадууд энэ алхамыг зөвшөөрөөгүй. Энх тайван тогтвортой байдлыг хангах нь хамгийн чухал гэж Хятад улс үзэж байгаа нь маш зөв юм. энэ бол Хойд Солонгосыг оролцуулаад Зүүн хойд Азийн улсуудын хамтын үйл хэрэг юм. Болсон явдлын хариуцлагыг БНАСАУ-д тохохыг бодох, сөргөлдөөн үүсгэх боломжийг эрж хайх хэрэггүй гэсэн байр суурь зөв гэж би үзэж байна. Юуны түрүүнд чухам юу болсныг ойлгох хэрэгтэй. Үүний тулд Сөүлд оросын шинжээчид ирээд байна. Энэ шинжилггэний дүн яаж гарахаас хамааралгүй, солонгос хоорондын харилцааг яаж зохицуулах вэ гэж бодох хэрэгтэй байна. Ийм байдлыг зөвхөн хэлэлцээрийн замаар л шийдэх ёстой. Ийм учраас яаран хэрүүл маргаан үүсгэлгүй, харин ч Умард, Өмнөдийн хоёр талын хэлэлцээрийг даруй эхлэж, чухам юу болсныг тодруулж, хойшд ийм эмэгнэлтэй байдлыг гаргуулахгүй, зайлсхийх асуудлыг хэлэлцэх хэрэгтэй гэж солонгосын асуудлын оросын шинжээч Георгий Толорая үзэж байна.
Хятад улс, сүүлийн үед бүс нутгийн аюулгүй байдалд хүлээх хойд солонгосын дэглэмийн хариуцлагын талаархи асуудлыг улам идэвхитэй тавьдаг болж байна гэж шинжээчид үзэж байна. Жишээ нь, «Хуаньцю шибао» сонинд бичсэн редакцийн өгүүлэлд, Пхеньяны байр суурийг канатан дээр бүжиглэж байгаа аюултай бүжигтэй зүйрэлжээ. «Дэлхийн том гүрнүүд үүнийг үзэгчийн байр сууринаас анхааралтай ширтэж байна. Хойд Солонгос улс тайзны эзэн болж бүх зүйлийг хянаж байна гэж бодож их сэтгэл хангалуун байх шиг байна. Үнэндээ канатан дээр бүжиглэх үед бүжигчин л хамгийн их аюулыг үүрч байдаг» гэж өгүүлэлд бичжээ. Нөхцөл байдлыг цаашид хурцатгах хэрэггүй гэсэн дохиог Пхеньянд өгч байна. Харилцан буулт хийх, сөргөлдөөнөөс зайлсхийх хэрэгтэй гэж Вень Цзябаогийн ярьсан нь үнэндээ Пхеньянд л хандсан хандлага байлаа. Ийм нөхцөл байдалд Хятад улс, НҮБ-ийн АЗ-д БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг хэлэлцэх болвол түүнийг дэмжих бол уу? АЗ-д энэ асуудлыг хэлэлцэх эсэх, хэлэлцлээ ч гэсэн үр дүнд хүрэх эсэхэд би нэг их итгэхгүй байна. Нөхцөл байдал болон хойд солонгосын буруутайг баталсан байдалд маш олон асуулт байна. Хориг арга хэмжээ авах үндэслэл алга байна. Энэ бол Хятад улс хүртэл шүүмжилсэн БНАСАУ-ын цөмийн зэвсгийн туршилт хийсэн тэр үйл явдал биш юм. Энд нөхцөл байдал шал өөр юм, хятадын тал үүнийг огт харахгүй байна гэж бодох хэрэггүй гэж солонгос судлаач, оросын эрдэмтэн Георгий Толорая тэмдэглэлээ.