“Хамгийн гол нь Монгол улстай худалдааны бараа эргэлтээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Бидэнд ийм боломж бий” гэж Свердлов мужийн дарга Александр Мишарин Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзасны дараа ийнхүү мэдэгдэв. Свердлов мужийн төлөөлөгчид энэ долоо хоногт Монгол улсад гурав хоног албан ёсоор айлчиллаа. Дээгүүр тушаалын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид тус улсад айлчилсан гэж тус бүс нутгийн олон улс, гадаад эдийн засгийн харилцааны сайд Александр Харлов мэдэгдэв. Мужийн даргын тэргүүлсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд мужийн засгийн газрын сайд нар, хууль тогтоох засаглалын удирдлагууд, Екатеринбург хотын дарга, бизнесийн олон төлөөлөгч багтжээ.  Мужийн дарга Александр Мишарин Монгол Улсад тохиолдлоор ийм өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байгаа юм биш. Свердлов муж Монгол улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн уламжлалтай. Сүүлийн жилүүдэд худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны эрч суларсан ч, асар их боломжийг хараахан бүрэн ашиглаагүй байна. Энэ оны эхний улиралд Свердлов муж болон Монгол улсын худалдааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 3 дахин нэмэгдэж, 2,5 сая долларт хүрсэн баримт үүнийг илтгэж байна. Свердловын төлөөлөгчид амжилтаа бэхжүүлэх бодолтой байсан. Тэд зорилгодоо ч хүрчээ. Айлчлалын үеэр хамтын ажиллагааны тухай нэлээд дорвитой 8 хэлэлцээрт гарын үсэг зурсан гэж Александр Харлов ярьж байна. Юуны түрүүнд Свердлов муж болон Монгол улсын банкны байгууллага, мөн аялал жуулчлалын салбарт хэлэлцээр байгууллаа. Уралын уул уурхайн улсын их сургууль, Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургууль боловсрол, эрдэм шинжилгээ, соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Харилцан худалдах барааны жагсаалтыг өргөжүүлэх хэд хэдэн хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрт түшиглэн Свердлов муж Монгол улсад ямар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх вэ? Бүс нутгийн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэдэг  төмөр замын техник, уул уурхайн машин болон тоног төхөөрөмж, эрчим хүчний тоног төхөөрөмж, зам-барилга болон харилцаа холбооны техник, анагаах ухааны техник, эм бэлдмэл зэрэг хамгийн ирээдүйтэй бүтээгдэхүүн байна. Улаанбаатар хотод хүнс хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай онцгой яриа болсон. Уралын бүс нутаг хөдөө аж ахуйн хангалттай бааз суурьтай, үүнийг эрчимтэй хөгжүүлж байна. Свердлов мужийн хүн амын хүнсний үндсэн хэрэгцээг хангаж байгаа дахин боловсруулах аж үйлдвэр өндөр түвшинд ажиллаж байна. Гэхдээ бүс нутагт экологийн цэвэр, дээд зэргийн чанартай махан бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээтэй байна. Свердлов муж Монгол улсад мах боловсруулах үйлдвэр барихаар айлчлалын үеэр тохиролцсон гэж Александр Харлов ярилаа. Өнөөгийн байдлаар мужийн мал эмнэлгийн хуулиар монголоос их хэмжээний мах ОХУ-д экспортлох аргагүй байна. Шинэ үйлдвэр монголын нутаг дэвсгэрт мах боловсруулж, манай бүс нутагт хагас боловсруулсан болон консервлосон бэлэн бүтээгдэхүүн нийлүүлнэ. Мах боловсруулах үйлдвэрийн барилгын бизнес төлөвлөгөөг ойрын үед боловсруулна. Энэ хоёр талд ашигтай. Уралчууд дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн авч, монголчуудад ажлын шинэ байр бий болж, татвараас улсын төсөвт орлого орно. Свердлов мужийн дарга Александр Мишанин Улаанбаатар хотод айлчлахдаа аж үйлдвэрийн салбарын инновацийн асуудлаарх “ИНОПРОМ-2010” олон улсын үзсгэлэн формуд монголын төлөөлөгчдийг оролцохыг урьсан юм. Екатеринбургт энэ оны 7-р сарын 15-18-нд болох форумын үеэр монголын бизнес эрхлэгчид эдийн засгийн шинэ найдвартай түншээ олно гэж найдаж байна.
<сонсох>
Орчуулсан Г.Нарангарав