Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээний тойм бага хурлын төлөөлөгчид төгсгөлийн Тунхаглалыг сайшаалаа. Бага хуралд оролцогч 189 төлөөлөгч баасан гаригт баримт бичгийг санал нэг баталлаа. Бага хурлын ажил эхэлснээс хойш бараг сарын дараа Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд баримт бичгийг баталлаа. Таван жил тутамд зохион явуулдаг энэ форум тунхаглалыг санал нэг баталж, өндөрлөх ёстой юм. 2005 оны бага хурлаар төгсгөлийн баримт бичгийг батлаагүй тул форумын ажил нурлаа гэж үзэж байсан юм. Азаар ийм зүйл тохиосонгүй. Цөмийн зэвсэгтэй болохоо хүлээн зөвшөөрсөн Орос, АНУ, Их Британи, Франц, Хятад зэрэг таван гүрэн цөмийн зэвсгээ хорогдуулах үүргээ биелүүлэх тухай 28 хуудас баримт бичигт баталжээ. Үүнээс гадна Тунхаглалд Ойрх Дорнодод цөмийн зэвсэг, үй олноор хөнөөх бусад зэвсгээс ангид бүс байгуулах олон улсын бага хурлыг 2012 онд зохион явуулахыг уриалсан байна. Албан ёсоор зарлаагүй цөмийн зэвсгээс Израилийг татгалзуулахын тулд энэ бага хурлын төгсгөлийн баримт бичигт энэ зүйлийг арабын орнуудын хүсэлтээр  оруулжээ. Израилийн ойрын холбоотон АНУ-ын энэ шийдвэрийн талаарх байр суурь сонирхолтой байна.  Нью-Йоркт ийнхүү тохиролцсоныг АНУ үндсэндээ сайшааж байгаа ч, Иран цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний хүрээнд үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа нь одоогоор Ойрх Дорнодод цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх дэглэмд  хамгийн ноцтой аюул занал болж байна хэмээн тайлбарлажээ. Бага хурлаар бүс нутгийн бүх улсын ашиг сонирхолыг харгалзана гэдэгт итгэлтэй байх үүднээс АНУ Их Британи, Орос, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хамт бага хурлыг зохион байгуулахаар шийдсэн гэж Барак Обамын үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, генерал Жеймс Жонс мэдэгдэв. Оросын төлөөлөгчдийн тэргүүн, Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков энэ асуудлаарх Москвагийн байр суурийг Нью-Йорк хотноо бага хурал үргэлжилж байх үеэр “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа илэрхийлсэн юм. Ойрх Дорнодод үй олноор хөнөөх зэвсэг, түүнийг хүргэх хэрэгслээс ангид бүсийг юуны түрүүнд тус бүс нутгийн орнуудын хүчээр байгуулна гэж бид найдаж байна. Энэ Израиль, мэдээж Иранд хамаатай. Ойлгомжтой шалтгаанаар энэ сэдвийг дээд зэргээр анхаарч байгаа арабын орнууд, Ираны төлөөлөгчидтэй бид Нью-Йоркт шахуу ажиллаж байна. Ойрх Дорнодод үй олноор хөнөөх зэвсэг, түүнийг хүргэх хэрэгслээс ангид бүс байгуулах практик алхам, хүч чармайлтын ач холбогдлыг Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээний талаарх тойм бага хурлын төгсгөлийн баримт бичигт зохих ёсоор тусгана гэдэгт бид найдаж байна.  Ойрх Дорнодын бага хурлыг амжилттай зохион явуулбал  хамгийн цөөн цөмийн зэвсэгтэй ертөнцөд чухал алхам болох нь ойлгомжтой. Илэрхий эсвэл нууцаар ийм зэвсэгтэй болохыг хүсч байгаа орон цөөрсөн тийм дэлхий ертөнц юм.
Орчуулсан Г.Нарангарав