Энэтхэгийн төмөр замд болсон алан хядах ажиллагаанд 100 гаруй хүн үрэгдсэн тухай ИТАР-ТАСС агентлаг уламжлав. Энэ үеэр 200 орчим хүн шархаджээ. Маогийн үзэл санааг дэмжигчид Энэтхэгийн Баруун Бенгал мужид галт тэрэг дэлбэлснээс хойш хэд хоногийн турш аврах ажил үргэлжилж байна. Таваарын галт тэрэгтэй мөргөлдөж, үндсэн цохилтод өртсөн зорчигч тээврийн хурдны хоёр вагоныг мэргэжилтнүүд шалгаж байна. Маогийн үзэл санааг дэмжигчид 5-р сарын 28-нд “хар долоо хоног” эхэлснийг зарлаж, төр засаг тэднийг тараах үйл ажиллагаагаа зогсоохгүй бол үргэлжлүүлэн халдана хэмээн мэдэгджээ. Өнөөдөр өглөө Орисса мужийн төмөр замд гар хийцийн таван дэлбэрэх хэрэгсэл илрүүлж, аюулгүй болгожээ.