Оросын шинжээчид Өмнөд Солонгосын “Чхонан” байлдааны хөлөг онгоц сөнөсөн хэргийн мөрдөн шалалтын дүнтэй танилцана. Сөүлийн саналын дагуу ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев бүлэг шинжээчээ Өмнөд Солонгост илгээхээр шийджээ. Өмнөд Солонгосын хөлөг онгоц 3-р сарын 26-нд Шар тэнгист живсэн юм. Энэ үеэр 46 далайчин үрэгджээ. Байлдааны хөлөг онгоц сөнөсөн хэргийг шалгах өмнөд солонгос, америк, британи, австралийн мэргэжилтнүүдийн оролцсон тусгай комисс хөлгийг шунгагч мина сөнөөсөн гэж дүгнэжээ. БНАСАУ үүнийг тус улсыг доромжлох гэсэн санаатай өдөөн хатгалга хэмээн хүлээн авлаа. Энэ хэргээс Солонгосын хойгийн байдал эрс хурцаджээ. Умард, Өмнөд Солонгос олон жилийн турш тогтоосон бүх харилцаагаа бараг тасалсан байна. Үүний улмаас хоёр Солонгосын харилцаа 60 жилийн тэртээх үеийнх шиг байдалтай болжээ. Өөр аюултай зүйл байна. Хоёр тал цэргээ бэлтгэж эхэлсэн тул олон улс төрч, ажиглагч Солонгосын хойгт шинээр зэвсэгт мөргөлдөөн гарч болзошгүй талаар ярьж байна. Энэ нөхцөлд ослын жинхэнэ шалтгааныг тогтоож, үүнийг хариуцлагыг хэн үүрэх ёстойг тогтоох нь нэн чухал билээ. Хэргийн дүгнэлтийн тараасан хувилбарт тодорхойгүй зүйл байгаа тул илүү олон шинжээчийн оролцоотой үүнийг шалгах хэрэгтэй гэж Оросын шинжлэх ухаан академийн Дорно Дахины хүрээлэнгийн шинжээч Дмитрий Мосяков үзэж байна. “Чхонан” байлдааны хөлөг сөнөсөн нөхцөл бүрэн тодорхойгүй байна. Умард Солонгосын шумбагч хөлгийн харвасан шунгагч мина Өмнөд Солонгосын хөлөг онгоцыг сөнөөсөн гэх цорын ганц нотолгоо нь комиссийн илрүүлсэн шунгагч минын хэлтэрхий юм. Хэлтэрхий дээр байсан тоо, тэмдэг зэргээс мина Умард Солонгосынх гэж үзэж байна. Дайсагнасан үйлдэл сэдсэн хүн үүнийг нуух байсан. Тиймээс тэмдэг үлдээсэн нь ойлгомжгүй байна. Байлдааны хөлөгт дэлбэрэлт болсон тухай анх мэдээлж байсан. Өмнөд Солонгос, АНУ байлдааны хөлөг сөнөсөн хэргийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцүүлж, БНАСАУ-ын үйлдлийг буруушаах бодолтой тул хэргийг тодруулах шаардлагатай байна. Москва, Бээжин зөрчлийг шийдэхэд Пхеньянд нөлөөлнө гэдэгт найдаж байгаагаа Цагаан ордон нуухгүй байна. Хэргийг ийм хариуцлагатай түвшинд хэлэлцэж, шийдвэр гаргахад 100 хувь нотлох баримт хэрэгтэй. Нотлох баримт байхгүй тохиолдолд Москва энэ санаачилгыг дэмжихгүй гэж Орос улсын Гадаад хэргийн яамнаас уламжлав. Үүний зэрэгцээ Орос улс зөрчилдөгч бүх талыг байдал хурцдахаас сэргийлж, Солонгосын хойг, тус бүс нутагт бүхэлд нь энх тайван, аюулгүй байдал тогтооход хүлээцтэй хандахыг уриаллаа.
Орчуулсан Г.Нарангарав