Хойд Кавказын Ставрополь хязгаарын хотын төвд лхагва гаригт болсон дэлбэрэлтэд өртсөн 30 хүн эмнэлэгт байна. Эмнэлэгт байгаа хүмүүсээс 16 хүний биеийн байдал хүнд байна гэж Интерфакс агентлаг Ставрополийн эмч нарын ярьснаас иш татан мэдээлэв. Тэд шархадсан хүмүүст цус хандивлахыг хүн амд уриалжээ. Хотын Соёлын ордонд чеченийн бүжгийн хамтлагийн концерт эхлэхийн өмнө дэлбэрэлт болох үеэр 7 хүн үрэгдсэний дотор 12 настай охин байна. Урьдчилсан мэдээгээр 400 граммын тротилын хүчтэй гар хийцийн дэлбэрэх хэрэгсэл ажиллуулжээ. "Алан хядах ажиллагаа" зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Орос улсын прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хорооны тэргүүн Александр Бастрыкин хэргийн газар яаралтай очив. Ставрополь хотын засаг захиргаа терроризмтай тэмцэхэд туслахыг  тус хязгаарын үндэстний цөөнхийн удирдагчдад уриаллаа.