БНАСАУ өнөөдрөөс Өмнөд Солонгостой бүх харилцаагаа тасаллаа. Телефон утас, радио холбоог бүрэн зогсоож, Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар харилцааг дэмжих төлөөлөгчийн газрыг хаажээ. Пхеньян өчигдөр түрэмгийллээс харилцан татгалзах тухай хэлэлцээрээс гарч байгаагаа зарлаж, цэргээ байлдааны бэлэн байдалд оруулсан юм. Юуны түрүүнд Өмнөд Солонгосын Цэргийн тэнгисийн хүчин Япон тэнгист сургуулилт хийсний дараа алга болсон Умард Солонгосын 4 шумбагч хөлгийг хайж байна. Орос улсын Улсын Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев Солонгосын хойгийн байдал хурцдаж байгаад түгшиж байгаагаа илэрхийлэв. Өмнөд Солонгосын “Чхонан” байладааны хөлгийг сөнөөхөд Умард Солонгос оролцсоныг баталбал Орос улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шугамаар Пхеньянд нөлөөлөх арга хэмжээнд нэгдэхийг тэрээр үгүйсгээгүй байна.