Өнгөрсөн долоо хоногт, Солонгосын хойгт байдал эрс хурцадлаа. Өмнөд Солонгосын «Чхонан» хөлөг онгоцны сүйрлийн шалтгааныг пүрэв гаригт зарласан явдал үүний шалтгаан нь боллоо. Шар тэнгис дэх Хойд, Өмнөд Солонгосыг заагладаг хилийн орчим 3-р сарын 25-нд энэ хөлөг живсэн билээ. Тэр үед хөлгийн багын 104 хүнээс 46 нь амь насаа алдсан юм. Өмнөд Солонгосоос гадна Америк, Австрал, британын мэргэжилтнүүд оролцсон мөрдөх комисс, тус хөлгийг хойд солонгосд үйлдвэрлэсэн өөрөө чиглуулэгчтэй торпедоор устгасан байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ үйл явдал болохоос хоёр, гурван хоногийн өмнө БНАСАУ-ын Шар тэнгис дэх тэнгисийн цэргийн баазаас том хөлөг онгоцоор хамгаалуулсан хэдэн бага оврын шумбагч онгоцууд гарч явсан байна гэж комисс батлаж байна. Энэ комиссын үзэж байгаагаар «Чхонан» хөлгийг сүйрсэн өдөр бусад улсуудын том хөлөг онгоцууд бааздаа байсан буюу баазынхаа ойр байрлаж байсан байна. Талууд байр сууриа шууд л илэрхийлэж эхэллээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак, олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжтайгаар БНАСАУ-аар бурууг нь хүлээлгэх, Хойд Солонгосын эсрэг хатуу хориг хэмжээ авах хэрэгтэй гэж мэдэгдлээ. Сөүлийн гол зорилго нь, баталгаа хөдөлбөргүй гэдэгт бусад орнуудыг итгүүлэхэд оршиж байна. Түүний ойрын түншүүд үүнийг шууд дэмжлээ. Хойд Солонгосын эсрэг нэг талын цээрлүүлэх арга хэмжээ авахыг АНУ санал болгож байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон, БНАСАУ-ын эсрэг хамтарсан үйл ажиллагаа явуулахаар Япон улстай аль хэдийн тохирчээ. Токиод байхдаа тэр, өмнөд солонгосын хөлөг онгоцны сүйрлийг ингэж тайлбарласан байна: «Өнөөг хүртэл явуулж байгаа үйл ажиллагаа үнэхээр уучлахын аргагүй. Олон улсын хамтын нийгэмлэг үүнд анхаарал тавих цаг болсон» гэжээ. Пхеньян өөрийн зүгээс, өмнөд солонгосын хелег онгоцны сүйрэлд БНАСАУ оролцсон гэсэн баталгааг, Сөүлийн АНУ-тай хамтран хийж байгаа хуурмаг ажиллагаа гэж нэрэллээ. Энэ баталгаа гэгчээр, олон улсын нийгмийн үзэл бодлыг төөрөгдүүлж, БНАСАУ-ыг ганцаардуулах зорилго тавьсан байна гэж Хойд солонгосын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгчийн мэдэгдэлд өгүүлжээ. Ямарч «хориг, шийтгэлийн» хариуд, манай улсын арми шийдвэртэй хариулт өгнө гэдгийг сануулсан байна. «Чхонан» хөлгийн сүйрэлд Умард оролцсон гэсэн баталгааг шалгуулах мэргэжлийн хэсгийг хүлээж авахыг Сөүлээс Пхеньян шаардсан байна. Сөүл үүнээс татгалзсан байна. Өөрөөр хэлвэл байдал улам хурцдаж байна энэ нь нилээн хүндрэл үүсгэж мэднэ гэж Алс Дорнодын шинжээч Виктор Павлятенко үзэж байна: Энэ хоёр улсын харилцаа Солонгосын хойг дээр хурцадмал байдлыг байнга үүсгэж байдаг ба энэ нь хамгийн багаар бодоход Зүүн хойд Азийн аюулгуй байдалд заналхийлж байдаг юм. Энэ үйл явдал болон өнгөрсөн жилүүдэд гарч байсан үйл явдлууд Зүүн хойд Азийн хүчний баланс, эцсийн эцэст энэ бүс нутаг дахь олон улсын харилцаа болон ерөнхий байдлыг тогтворжуулахад муу нөлөө үзүүлдэг юм. Одоогийн байдлаас болж байдал хяналтаас гарч хойгт цэргийн үйл ажиллагаа болно гэдэгт мэргэжилтнүүд эргэлзэж байна. Тэгэхдээ, Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн шинэ дайн эхлэж болзошгүй. Мэдээж хэрэг солонгосын хойгыг цөмийн зэвсгээс ангижруулах зургаан талын хэлэлцээр тодорхойгүй хугацаагаар хойшлогдож таараа!