Санкт-Петербург хотод “Охта-Центр” 400 метрийн өндөр барилга барих бүх ажлыг зогсоохыг уриалсан ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн Хорооны байр суурийг ерөнхийлөгч Д.Медведев дэмжлээ. Дараагийн алхамыг Санкт-Петербург хотын дарга Валентина Матвиенко хийнэ. Одоо хотын дарга Орос улсын хойд нийслэлийн түүхэн төвд тэнгэр баганадсан барилга барихыг зөвшөөрсөн тогтоолоо өөрчлөх боломжтой гэж Соёлын дурсгалыг хамгаалах асуудал хариуцсан газрынхан үзэж байна. Сүүлийн хагас зуун жилд архитектурын ганц ч барилга ийнхүү хэл ам таталж байгаагүй юм. Санкт-Петербургийн төвд 403 метрийн өндөр ажлын байрны төв барих төслийг хоёр нийслэлийн соёл, олон нийтийн байгууллага шийдвэртэй эсэргүүцсэн юм. Европын хамгийн үзэсгэлэнт хотуудын нэг Санкт-Петербургийн хэдэн зуунаар тогтсон дүр төрхийг гарцаагүй баллах өндөр барилга барихыг Соёлын яам, Архитекторчдын холбооны төлөөлөгчид, томоохон музейн захирлууд эсэргүүцсэн байна. ЮНЕСКО-ийн шинжээчид Петербург соёлын өв аюул заналд байгаа хотуудын жагсаалтад орж болохыг мэдэгдэж, өндөр барилга барих тухайд түгшиж байгаагаа илэрхийлсэн юм. Шинжээч, соёлын байгууллагын төлөөлөгчийн байр суурийг үл харгалзан Санкт-Петербург хотын  захиргаа “403 метр өндөр барилга” барихыг зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл 100 метрээс өндөр барилга барихыг хуулиар хориглосон тэр бүст тэнгэр баганадсан барилга барихыг зөвшөөрчээ. Ажлын байрны төв барих ажлыг санхүүжүүлсэн “Газпром” компани өндөр барилгад нэг салбараа байрлуулахын тулд төлөвлөгөөнөөсөө татгалзах бодолгүй байжээ. Төслийг тойрсон олон нийтийн маргаан энэ төсөл ер бусын болохыг гэрчилж байна гэж компанийн албан ёсны төлөөлөгч Сергей Куприянов “Оросын дуу хоолой” радиод урьд мэдэгдсэн юм. Төслийг эхлэхэд бид ийм зорилго, зорилт тавьсан. Хотыг музей мэт битүүмжлэх бус харин хөгжүүлэх ёстой гэж бид үзэж байгаа. Хоёр саналыг хассан. Харин архитектурын салбарын шинжээчид энэ байр суурьтай огт санал нийлэхгүй байна. Москва хотын Думын хөшөө дурсгалын урлагийн асуудал эрхэлсэн хорооны дарга, Орос улсын гавьяат архитекторч, академич Лев Лавренов ЮНЕСКО-ийн байр суурийг бүрэн дэмжиж байна. Би архитекторч-сэргээн засварлагч хүний хувьд Газпром компанийн өндөр барилгыг Санкт-Петербург хотын түүхэн төвд барихиыг хориглох тухай ЮНЕСКО, мөн түүхэн орчныг хамгаалах асуудал хариуцсан бүх байгууллагын шийдвэрийг дэмжиж байна. Санкт-Петербург хотын түүхэн төв үнэхээр балартахыг цэцэрлэг-байгууламжийн судалгаагаар тогтоосон. Санкт-Петербург хотын түүхэн төрхийг эвдэх ямар ч өндөр барилгыг барьж таарахгүй. Хот түүхийн дурсгал төрхөө алдана. Сунжирсан маргаанд Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев цэг тавив. ЮНЕСКО-ийн Конвенцид агуулсан Орос улсын олон улсын үүргийг тууштай сахин биелүүлэхийг төрийн тэргүүн зарлиг болгожээ. Санкт-Петербургийн засаг захиргаа тэнгэр баганадсан барилга барих тухай маргаантай тогтоолыг сайн дураар өөрчилж болно гэж Соёлын өвийг хамгаалах асуудал хариуцсан газрын төлөөлөгчдийн үзэж байна.
Орчуулсан Г.Нарангарав