ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын Ташкентад бямба гаригт эхэлсэн уулзалтын гол сэдэв Киргизийн байдал, энэ нь төв Азийн бүс нутгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлж байгаа тухай юм. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров уулзалтад оросын төлөөлөгчдийг тэргүүлж байна. Манай тусгай сурвалжлагч Елизавета Исакова Узбекистанаас дэлгэрэнгүйг мэдээлнэ. Узбекистан, Казахстан, Хятад, Киргиз, Орос, Тажикистан улс ШХАБ-ын гишүүн орнууд юм. Энэ уулзалтаар хэлэлцэх гол асуудал тодорхой байна. Ташкентад 6-р сард болох байгууллагын гишүүн орны төрийн тэргүүн нарын Зөвлөлийн хуралд бэлтгэх, хоёр долоо хоногийн дараа дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэж, батлах төгсгөлийн тунхаглалын төслийг уялдуулах зэрэг асуудал байна. Олон улсын валют-санхүүгийн системийг шинэчлэх, зэвсэг хураах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, мансууруулах бодистой тэмцэх талбарт хамтран ажиллах, Афганистанд тусламж үзүүлэх хүчин чармайлтыг зохицуулах зэрэг олон улсын тулгамдсан асуудлаар ШХАБ-ын байр суурийг баримт бичигт тусгана. Гадаад хэргийн сайд Сергей Лавров бямба гаригт Тажикистан, Казахстаны Гадаад хэргийн сайд нартай уулзахаар зүгээр ч нэг төлөвлөгүй юм. Бүс нутагт мансууруулах бодисын аюул заналын эсрэг тэмцэхэд эдгээр улсын удирдлага бодитой алхам хийвэл тэд энэ чиглэлд орлуушгүй хувь нэмэр оруулах юм. Кабул хотод 7-р сарын эцэст болох Афганистаны асуудлаарх олон улсын бага хурлын өмнө ШХАБ байр сууриа зохицуулах хэрэгтэй. Энд хамгийн түрүүнд Киргизийн байдлыг хэлэлцэнэ. НАТО цэргийн болон цэргийн бус зориулалттай ачааг Афганистанд хүргэдэг Манас цэргийн бааз Киргизд оршдог. Киргизийн байдлыг өнөө хир зохицуулаагүй тул Манас цэргийн баазын ирээдүй мөн тогтворгүй байна. Энэ нь төв Ази төдийгүй тус бүс нутаг дахь Умард Атлантын эвслийн төлөвлөгөөнд ноцтой хор хохиролтой юм. Ташкентад киргизийн асуудлыг хэлэлцэх өөр шалтгаан нь нутаг дэвсгэрийн асуудал байна. Киргизийн өмнөд хэсгийн Желал-Абад дүүрэгт өнөө хир жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Улс оронд хараахан шинэ эргэлт болоогүй байна. Гэхдээ шинээр оролдлого хийхийг үгүйсгэхгүй. Энэ юуны түрүүнд улс орныг задран бутаргаж, ТУХН-ийн орнуудын орон зайд нутаг дэвсгэрийн маргаантай бас нэг улс бий болно. Хэдхэн хоногийн өмнө буюу 5-р сарын 18-нд мужийн төвд шинээр жагсаал цуглаан болох үеэр хоёр хүн үрэгдэж, 70 хүн шархадсан юм. Нөхцөл байдлыг зөв голдиролд нь оруулж чадахгүй бол үндэстэн хоорондын ширүүн мөргөлдөөн болно гэж шинжээчид болгоомжилж байна. Иргэний дайн дэгдэх ч аюултай юм. Киргизийн засгийн газрын тэргүүн Роза Отунбаевын тогтворгүй байр суурьт мөн түгшиж байна. Киргизийн засгийн эрхэнд ойрын үед өнөө хир сүүдэрт байсан тэс өөр хүмүүс гарч ирж магадгүй хэмээн олон улс төрч нээлттэй ярьж байна.  Зургаан орны Гадаад хэргийн сайд нар, мөн тус байгууллагад ажиглагчийн статустай орны байр суурийг хамтарсан мэдэгдэлд тусгажээ. ШХАБ-ын орнууд Киргизийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хэвээр хадгалах байр суурьтай бөгөөд шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн гэж мэдэгдэлд дурдсан байна. Байгууллагын гишүүн орон бүр тогтвортой, аюулгүй оршин байх ёстой гэдэгт сайд нар санал нэг байна.
Орчуулсан Г.Нарангарав