Өмнөд Солонгосын “Чхонан” их бууны хөлөг онгоц живсэн хэргийг мөрдөн шалгасан дүнд түгшиж байгаагаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун пүрэв гаригт мэдэгдэв. Мөрдөн шалгах хорооны өнөөдөр танилцуулсан албан ёсны мэдээгээр БНАСАУ-ын шумбагч хөлөг торпед харваж, их бууны хөлгийг живүүлжээ. АНУ, Их Британи, Япон улс Пхеньяныг эрс шүүмжилжээ. Умард Солонгосын удирдлага бүх баримт хуурамч гэж мэдэгдэв. Тус улсын эсрэг олон улсын шинэ хориг арга хэмжээ авбал Пхеньян дайн дэгдээхэд бэлэн байна гэв. “Чхонан” 3-р сарын 26-нд Шар тэнгист живсэн юм. Энэ үеэр 46 далайчан амь насаа алджээ.