АНУ-ын Конгрессын сенатад стратегийн давшилтын зэвсгийг цаашид хорогдуулж, хязгаарлах /СДЗ-3/ тухай Орос улстай байгуулах хэлэлцээрийг хэлэлцэж эхлэв. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар 4-р сарын 8-нд Чехийн нийслэлд энэ баримт бичигт гарын үсэг зурсан юм. Батлан хамгаалын сайд Роберт Гейтс хэлэлцээрийг сенатын олон улсын асуудал эрхэлсэн хороонд танилцуулахдаа оргүйгээс ийм хэлэлцээртэй байсан дээр хэмээн тэмдэглэжээ. Москватай байгуулах шинэ хэлэлцээр хоёр талын харилцааны ил тод байдал, тэнцвэрийг хангаж байна гэж АНУ-ын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Майкл Маллен мэдэгдэв. Стратегийн давшилтын зэвсгийн талаарх шинэ хэлэлцээр АНУ, Орос улсын харилцааны ерөнхий уур амьсгалыг сайжруулсан гэж Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хэлсэн юм. Конгресс дахь ерөнхийлөгчийг дэмжигчид хэлэлцээрийг батлахад хамаг анхаарал хандуулахаар амласан ч, шаардлагатай бүх ажлыг энэ оны эцэст дуусгаж амжихгүй хэмээн эмээж байна. Тухайлбал бүгд найрамдах намын төлөөлөгчид Орос улстай байгуулах СДЗ-ийн тухай шинэ хэлэлцээрийг батлах үйл явц амаргүй байна хэмээн анхааруулав. Бүгд найрамдах намынханд баримт бичгийн талаар олон асуулт хуримтлагджээ. Тухайлбал пуужингийн довтолгооноос хамгаалах, ашиглаж байгаа байлдааны цэнэгт хошуу, тээгчийг тоолох нөхцөл, шалгах арга хэмжээ зэрэгт хамаатай. Үүнээс гадна хэлэлцээрийг америкийн сенат, Оросын Улсын Дум, Холбооны зөвлөл нэгэн зэрэг батлахад бэрхшээлтэй гэж сөрөг хүчин үзэж байна. Үнэн хэрэгтэй энэ тийм биш хэмээн Оросын улс төр, цэргийн задлан шинжилгээний хүрээлэнгийн орлогч захирал Александр Храмчихин манай радио станцад өгсөн ярилцлагадаа тэмдэглэв. Хэлэлцээрийн юу нь америкчүүдэд таалагдахгүй байгааг би үнэндээ ойлгохгүй байна. Миний бодлоор хэлэлцээр тэдэнд тун боломжийн юм шиг санагдаж байгаа. Нам хоорондын тэмцэл гэгч хүчин зүйл байна. Бүгд найрамдах намынхан энэ зарчмаас үүдэн эсрэг санал өгч магадгүй. Ардчилсан намын Барак Обама үүнийг санал болгосон шалтгаанаар эсрэг санал өгч магадгүй. Тэгвэл хэлэлцээрийг батлахгүй.  СДЗ-ийн хорогдуулж, хязгаарлах тухай орос-америкийн шинэ хэлэлцээрийг батлахад АНУ-ын Конгрессын дээд танхимын гишүүдийн гуравны хоёр дэмжих ёстой. Өөрөөр хэлбэл 100 гишүүний 67 нь үүнийг дэмжих учиртай. Орос улсад хэлэлцээрийг Холбооны Хурлын хоёр танхим ямар ч саадгүй сайшаах ёстой. Баримт бичгийг нэгэн зэрэг батлах хэрэгтэй гэж ерөнхийлөгч Д.Медведев олон удаа тэмдэглэсэн. Нэг улс хэлэлцээрийг батлахад нөгөө нь уучлаарай нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж мэдэгдсэн тохиолдол түүхэнд бий. Ийм байдал гарах учиргүй хэмээн Орос улсын удирдагч олон удаа тэмдэглэсэн.
Орчуулсан Г.Нарангарав