Дэлхий дахинаа 5-р сарын 18-нд музейн олон улсын өдрийг тэмдэглэж байна.  Анх 1977 оноос тэмдэглэх болсон энэ баяр жил ирэх тусам улам олон хүнийг хамарч байна. Энэ өдөр үзэгчид үнэ төлбөргүй музей үзээд зогсохгүй, музейн үйл хэрэг байрандаа бус байнга хөгжиж байгааг харах боломжтой тул баяр улам нэр хүндтэй болж байна. Тула дахь “Самоварын музей”, Торжк хотын “Алтан хатгамалын музей”, эртний Переславль-Залесский хотод “Эндүүний музей”, Коломн дахь “Чихрийн музей”… Үзэгчдийн тоог нэмэхийн тулд өөрсдийн “нэр тэмдэгтэй” бүтээл туурвих нь сүүлийн жилүүдэд оросын музейн ажилтнуудын хамгийн түгээмэл ажлын нэг болоод байна. Уламжлал, гар урлалыг урдаа барьдаг  жижиг хотуудад хувийн голдуу ийм музей их амжилттай ажиллаж байна. Волжскийн 5 мянган хүн амтай  Мышкин хотынхан “Юугаар баян түүнд сэтгэл хангалуун байна” хэмээн ярьж байна. Энэ хотод 20 жилд “Хулганы музей”, “Орос эсгий гутлын музей” зэрэг 10 музей нээжээ. Үүний дараа тус хотод жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна. Воронеж хотод орших “Костёнки” археологийн музей-дархан цаазат газар ирэх зочдын тоо илт нэмэгджээ. Энд эртний хүмүүс сууж байсан агуйн нэг хананд  “хадны сүг зураг” зурах боломж үзэгчдэд бүрдүүлсэн байна. Хадны оронд ватман цаасан дээр ердийн маркераар зурдаг ч, орчин цагийн “зэрлэгүүд” үүнд гонсойдоггүй байна. Петербургийн нэрд гарсан “Эрмитаж” музей фризлайт орчин үеийн техникийг сонирхож байна. Өөрөөр хэлбэл гэрлээр зурсан  хийсвэр болон бодит зүйлийг удаан барилтаар авахыг хэлнэ. Орчин үеийн урлагийг харуулахаар шийдсэн музей шинэ барилгыг гэрлийн граффитаар чимэглэдэг. Фризлайтерууд өөрсдийн арга барилаар импрессионист зураачдын шилдэг бүтээлийг дуурайлган зурдаг. “Тухайлбал Сезаннын натюрмортын хуулбар хуруу дарам хугацаанд бэлэн болно. Эхлээд алим, дараа нь домбыг зурна. Гэрэл зурагчин дэнлүүний тунгаагчаа өөрчилж, зургийн өнгийг өөрчилдөг” гэж Артём Долгополов нууцаасаа хуваалцсан юм. Зураачийн ур чадвараас илүү гарахыг оролдох бус харин зургийн баатарыг ашиглан үндсэн дүрсийг гаргах боломжтой.  Москвагийн “Ретро-автомашин музейд” дэлхийн хоёрдугаар дайны үеийн цэргийн техникийн үзмэр нэлээд нэрд гарлаа. Ховор хэд хэдэн жинхэнэ техникийг сэргээн засварласанд музейн захирал Дмитрий Октябрьский сэтгэл хангалуун байна. Цөөн ширхэгээр үйлдвэрлэсэн ховор, үнэ цэнэтэй “КиМ” автомашиныг дайн хайр найргүй сүйтгэжээ. Дайны үед эдгээр машин бараг устаж, цөөхөн ширхэг үлдсэн юм. Иргэний ийм автомашиныг хайж олчихоод, засч янзлах нь хамгийн хэцүү. Энэ маркийн машины материалыг өөрсдөө олоод эх эд ангийг угсрах гээд оролдоод үз дээ. Одоо ийм будаг байхгүй. Нөр хөдөлмөрлөж бүрэн сэргээн засна. Үзмэрийг сэргээн засварлаад зогсохгүй, өнгө төрхийг нь өөрчлөөд үзэгчдэд үзүүлэх хэрэгтэй. Тухайлбал “Москвагийн гал” музейд москвагийн гудамжийн гэрэлтүүлгийг түүхийг өгүүлдэг хэсэгт 19-р зууны тосон болон керосин дэндлүү согог, гэмтэлгүй сайхан хадгалажээ. Аюулгүй байдлыг хангах үүднээс үүнийг асаах аргагүй юм. Хуучны дэнлүүг орчин үеийн гэрлийн эх үүсвэрээр орлуулна. Харин цагтаа москвагийн гудамж ямаршуу байсныг шинэ технологиор харуулна. Орчин үеийн технологи ашигласнаар музейд өргөн боломж нээж байна. Калининградын дэлхийн далайн музейд 15-р зууны оросын нэрд гарсан аялагч, зохиолч Афанасий Никитины талаар үзэгчидтэй аялна. Музейн өдрөөр Энэтхэгийн замаар “Гурван далайг гэтлэн аялсан нь” бүтээлийн зохиолчийн аюултай аялал, адал явдлыг үзэгчид олон дэлгэцээс сонирхоно. Санкт-Петербургийн угсаатны музейг сонирхогчид бүр эрт дээр үед аялна. “Сибирийн ард түмний бөөгийн шашин” сэдэвт үзэсгэлэнд бөөгийн бүрэн хэрэгсэлтэй өмсгөл, эдгээж, анагаах сахиус, хүрэл болон гуулин толь, таяг зэргийг дэлгэн үзүүлсэн нь Сибирийн уугуул ард түмний домгийн дүр зургийг илтгэнэ. Зан үйлийг харуулсан ховор кино зургийг үзэгчид мөн сонирхоно. Орос улсад жил тутам 20 орчим музей байгуулдаг гэж үздэг. Дэлхийн кино урлагийн италийн яруу найрагч, зураач Тонино Гуэррт зориулсан музей удахгүй Санкт-Петербург хотод байгуулах тухай мэдээ ирлээ. Москва орчмын Коломна хотод саяхан “Шинэ музей” байгуулсан мэдээ бараг мэдэгдсэнгүй. Өнгөрснийг орчин үеийн, сонирхолтой хэлбэрээр дамжуулах нэг ёсондоо мэдээллийн суваг болох хүсэлтэй, уран бүтээл, танин мэдэхүйд нээлттэй Орос улсын дурын музейн үзмэрээ тавих  боломжтой музейн инновацийн талбарыг энд байгуулжээ.
Орчуулсан Г.Нарангарав