Одоогоос яг 20 жилийн өмнө зөвлөлт орос улс ардчилал өөд анхны алхамаа хийсэн билээ. 1990 оны 5-р сарын 16-нд Кремельд ЗСБНОУ-ын ардын депутатуудын анхдугаар Их хурал нээгдэж, улс орны өнөөгийн улс төр, үндсэн хуулийн байгуулалтын суурийг тавьсан билээ. Ардын депутатуудын анхдугаар их хурал, өнөөдрийн Орос улсыг бий болоход гол үүрэг гүйцэтггэсэн билээ. Энэ их хурал дээр л Борис Ельцин Оросын Дээд зөвлөлийн даргаар томилогдсон бөгөөд сүүлд нь ерөнхийлөгчийн суудлыг эзлэж улс орны шинэ засгийн газрыг бүрдүүлсэн юм. Яг тэр үед л ЗСБНОУ-ын тусгаар тогтнолын тухай тунхаглалыг баталсан, энэ нь «тусгаар тогтнолын парадыг» гараанд нь оруулж, дэлхийн улс төрийн газрын зураг дээрээс ЗХУ-ыг бүрмөсөн арчсан юм. Тухайн үеийн үйл явдлыг, тэр үеийн Анхдугаар их хурлын депутат, сүүлд нь Орос улсын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар сонгогдож байсан Сергей Филатов тайлбарлахдаа: ЗХУ тэр үед донсолсон яагаад гэвэл өөрөө зогсонги байдалд ороод ялзарч байсан юм. Өрсөлдөөн байхгүй газар л ялзрал үүсдэг юм. Зөвлөлтийн системд эдийн засгт ч, улс төрд ч өрсөлдөөн байгаагүй юм. Эцсийн эцэст бид удирдлагын болон эдийн засгийн хэмжээнд бүрэн зогсолтод хүрсэн билээ. Ийм байдлаас гарах ганц арга бол улс орныг өрсөлдөх чадвартай болгох явдал байсан юм. Үүнийг хийх 2 л арга байдаг. Улс төрийн механизм нь ардчилал! Үүнийг сонгуулиар, чөлөөт хэвлэлээр, өргөн мэтгэлцээний дүнд л хийж болдог юм. Бүх юм нүдэнд ил болоод ирхээр хүмүүс хэнийг сонгож байгаагаа олж хардаг. Харин эдийн засгийн хувьд бол энэ нь зах зээл билээ гэлээ. Энэ үед шинэчлэн өөрчлөх ажил хүссэнээр тийм сайхан явагдсангүй! Их хурал дээр дараа нь оросын дээд зөвлөл дээр хатуу ширүүн улс төрийн тэмцэл болж байлаа. Кремельд болсон Ардын депутатуудын анхдугаар их хурал жинхэнэ эмх забраагүй байдалд болж байсан гэж орчин үеийнхэн дурсаж байна. Тэр үед 1068 депутат байсан бөгөөд тэд ямарч аргаар хамаагүй индэр дээр гарахын төлөө тэмцэж байлаа. Уран илтгэгчдийг огт тоохгүй байсан ба бүгд л гараараа даллаж, хашгарч, заалнаас шууд л уриа, лоозон дэвшүүлж байлаа. Гэхдээ энэ байдал парламентын гишүүдийг огт сандралд оруулаагүй гэж анхдугаар Их хурлын оролцогчдын нэг Сергей Бабурин дурсаад: Өөрчлөлтийг бүгд хүсэж байсан! Ийм учраас л ЗСБНОУ-ын тусгаар тогтнолын тухай тунхаглалын төлөө депутатуудын 90% нь саналаа өгсөн юм. Гэхдээ энэ өөрчлөлтийг өөр өөрөөр харж байсан. Зарим нэг нь бүгдийг дуусгахыг, зарим нь аажим өөрчлөлт хийхийг санал болгож байсан. Гол ялгаа нь үүнд л байгаа юмаа гэлээ.
ЗСБНОУ-ын депутатууд дахиад 9 удаа Кремельд цугларсан юм. Үнэн хэрэгтээ ардын депутатуудын Их хурал сүйрч байгаа улс орны амь тавьсан ажиллагаа л байлаа. 1993 оны намар шинэ Орос улсын хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын тэмцэл дээд цэгтээ хүрлээ. Тэр үед ерөнхийлөгч болсон байсан Борис Ельцин 9-р сарын 12-нд, Дээд зөвлөл болон ардын депутатуудын Их хурлын бүрэн эрхийг цуцалсан зарлигт гарын үсэг зурсан юм. Парламентын ихэнх гишүүд энэ зарлигийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэ байдал нь гудамжны дайн болж бүр сүүлдээ Москвад цэрэг оруулж, танкаар парламентын «Цагаан ордоныг» буудсан билээ. Ингээд хэдхэн хоногийн дараа сөрөг хүчин дарагдаж, Орос улсын Дээд зөвлөл, ардын депутатуудын Их хурал түүх болон үлдсэн билээ. Оросын шинэ парламент нь, Улсын Дум, Холбооны зөвлөл гэсэн 2 танхимаас бүрэлдсэн Холбоны хурал болсон юм.