Орос улс 20 жилийн тэртээ Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс /ЗСБНХОУ/ байх үед өөрчлөлт шинэчлэлтийн үед анхны парламентаа байгуулсан юм. ЗСБНХОУ-ын ардын депутатын анхны хурал 1990 оны 5-р сарын 16-нд болжээ. Нутаг дэвсгэрийн болон үндэстэн-нутаг дэвсгэрийн тойргоор 1068 депутатыг сонгосон байна. Энэ хурлаар Борис Ельциныг Орос улсын Дээд Зөвлөлийн даргаар сонгож, улсын тусгаар тогтнолын тухай тунхаглалыг баталж, түүхэнд тэмдэглэгджээ. Орос улс Зөвлөлт Холбоотын нэг хэсэг байсныг сануулъяа. ЗСБНХОУ-ын шинэ засгийн газрыг байгуулсан юм. Шинэ Орос улс байгуулах тулгын чулууг ийнхүү тавьжээ. Улс төрийн газрын зургаас Зөвлөлт Холбоот нэртэй улсыг хасах алхам хийсэн байна. Анхны хуралд оролцож байсан ардын депутат асан, хожмоо Орос улсын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга болсон Сергей Филатов тэр үйл явдлыг ийнхүү тайлбарлаж байна. Зөвлөлт Холбоот ялзарсан тул нурсан. Зөвлөлтийн системийн эдийн засаг, улс төрд ч ялгаагүй өрсөлдөөн байгаагүй. Эцсийн дүнд удирдлага, эдийн засаг зогсонги байдалд орсон юм. Улс орныг өрсөлдөх чадвартай болгох цорын ганц арга замаар энэ байдлаас гарах боломжтой байсан. Үүнд хоёр механизм байдаг. Ардчилал буюу улс төрийн механизм. Сонгууль, чөлөөт хэвлэл, мэтгэлцээнээр үүнийг тогтооно. Бүгд ил тод. Өрсөлдөж байгаа үед хүмүүс хэнийг сонгож байгаагаа ойлгодог. Эдийн засгийн хувьд мэдээж хэрэг зах зээл юм. Хурлын үеэр, дараа нь Орос улсын Дээд Зөвлөлд улс төрийн ширүүн тэмцэл болж байсан. “Хуучин” нь “шинэтэйгээ” өөрөөр хэлбэл коммунистууд ардчиллыг дэмжигчидтэй зөрчилдөж байсан. Анхны хуралд оролцож байсан Сергей Бабурин энэ үйл явдлыг өөрөөр харж байна.  Бүгд өөрчлөлтийг хүсч байсан. Тиймээс ч ЗСБНХОУ-ын улсын тусгаар тогтнолын тухай тунхаглалыг батлахын төлөө хурлын депутатын 90 хувь нь санал өгсөн юм. Гэхдээ өөрчлөлтийг өөр өөрөөр харж байлаа. Зарим нь бүгдийг нураах, нөгөө хэсэг нь аажмаар өөрчлөхийг хүсч байв. Ийм л ялгаатай байсан. 1993 оны намар хүртэл Орос улсын ардын депутатын 9 хурал болсон юм. 1993 оны 9-р сарын адаг 10-р сарын эхэнд зөвлөлтийн дараах шинэ Орос улсын засаглалын хоёр мөчир буюу хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын тэмцэл дээд цэгт хүрсэн. Эдийн засгийн шинэчлэлийн хурд, шинж чанарыг өөр өөрөөр ойлгож байсан нь үүнийг гол шалтгаан юм. 1991 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон Борис Ельцин Дээд Зөвлөл болон ардын депутатын хурлын бүрэн эрхийг зогсоох тухай зарлигт гарын үсэг зуржээ. Олонх депутат үүнийг дагахаас татгалзсан байна. Зөрчил мөргөлдөөний улмаас гудамжинд тэмцэл болж, Москвад цэргийнхнийг оруулж, тухайн үед парламентын өргөө байсан Цагаан ордоныг хүчээр булаан эзлэхэд хүргэжээ. Цагаан ордоны дэмжигчид 10-р сарын 4-нд ялагдсан байна. Орос улсын Дээд Зөвлөл болон Депутатын хурал түүхэнд үлджээ. 1993 оны 12-р сард явуулсан бүх нийтийн санал хураалтын дараа оросын шинэ парламент Улсын Дум болон Холбооны Зөвлөл хоёр танхимаас бүрдсэн Холбооны Хурал нэртэй болсон юм.
Орчуулсан Г.Нарангарав