Өнөө үед нүүдэлчид гэж хэнийг хэлэх вэ? Тува, Красноярск, Новосибирск, Улаан-Үд, Москва, Санкт-Петербург, мөн Казахстан, Монголын эрдэмтэд Орос улс болон дэлхийд хадгалагдсан нүүдлийн соёл иргэншлийн талаар орчин үеийн байр сууриа санал болгоно. Тувагийн улсын их сургууль, Красноярскийн багшийн их сургуулийн санаачилгаар “Төв болон хойд Азийн ард түмний нүүдлийн соёл иргэншил: түүх, өнөөгийн байдал, бэрхшээл” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээ-практикийн хоёр дахь бага хурал 5-р сарын 24-27-нд Тувагийн нийслэлд болно.  Нүүдлийн соёл иргэншлийн талаар эрдэм шинжилгээний хурлыг Тувад хоёр дахь удаа зүй ёсоор зохион байгуулах гэж байна. ОХУ-ын бусад бүс нутгийг бодвол тус бүгд найрамдах улсын тува үндэстнүүд нүүдэлчдийн уламжлалаа бүрэн хадгалжээ. Үндэстний цөөнхийн соёл төдийгүй өдгөө Тувагийн үндсэндээ эдийн засгийн гол салбар мал аж ахуйд энэ хамаатай. Тэд монгол малчдын адилаар жилийн турш нүүдэллэдэг нь юуны түрүүнд малчин өрхийн амьдралын хэлбэр, ахуйн үндсийг тодорхойлж байна. Тухайлбал өнөө үед тувачүүд монголчуудын адилаар эсгий гэрт аж төрдөг. “Төв болон хойд Азийн ард түмний нүүдлийн соёл иргэншил: түүх, өнөөгийн байдал, бэрхшээл” сэдэвт анхны бага хурал 2008 онд Тувагийн нийслэл Кызылд болсон юм. Тухайн үед эрдэмтэд тус бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт орших түүхэн дурсгалт  “Пор-Бажын” цайз  ашиглах, үүнийг сэргээн засварлах асуудлаарх олон улсын экспедицийн үр дүнд анхаарал хандуулсан юм.  Энэ удаагийн бага хурлаар эрдэмтэд хурлын сэдвийн түүхийн талаар санаа бодлоо илэрхийлээд зогсохгүй орчин үеийн үндэстний цөөнхөд хамаарах асуудлаар хавсарга судалгаа, нүүдлийн соёл иргэншилтэй ард түмний залгамж үед эдийн засгийн ямар бэрхшээл тулгарч байгааг танилцуулна гэж Тувагийн их сургуулийн түүхийн ухааны доктор, профессор Зоя Дорж ярьж байна. Энэ бага хуралд танилцуулах илтгэлийн эмхэтгэлийг хэвлэсэн. Хурлын үеэр 86 илтгэл тавина. Харамсалтай нь энэ бага хуралд илтгэл тавих бүх хүн ирж амжихгүй. Ойролцоогоор 60 хүн ялангуяа Монголын төлөөлөгчид оролцоно гэж найдаж байна. Нүүдлийн соёлыг судалж байгаа Монголын шинжлэх ухаан академийн ерөнхийлөгч ноён Энхтүвшинд бид урилга илгээсэн. Тэр хүрэлцэн ирнэ гэж бодож байна. Бид Монголын Ховд аймгийн ажил нэгт нөхөдтэй хэдэн жилийн турш үндэстний цөөнхийн нийгмийн асуудлыг судалж байна. Ховд аймагт тува үндэстний цөөнх олноор оршин суудаг. Судалгаа нэлээд амжилттай болсон. Энэ бага хурал хөрш орны ажил нөхөдтэй хамтран хийж байгаа судалгаанд түлхэц болно гэж зохион байгуулагчид үзэж байна. Тувагийн эрдэмтэд монголчуудтай хамтран ажиллахад бэлэн. Аль алиных нь сонирхож байгаа нүүдлийн соёл иргэншлийн асуудлаар хамтран ажиллахад бэлэн байна.
<сонсох>
Орчуулсан Г.Нарангарав