Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага Киргизийн байдлыг зохицуулахаар тус улсад энхийг сахиулагчдаа оруулахгүй. Киргизд үүссэн асуудлыг төр засаг нь шийдэх ёстой гэж тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.  Киргизд дөрөвдүгээр сарын эхэнд олон нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглааны дүнд сөрөг хүчин засгийн эрхэнд гарч, түр засгийн газар байгуулсан юм. Тус улсын байдал пүрэв гаригт эргээд хурцадлаа. Одоогоор Белоруст байгаа тус улсын ерөнхийлөгч асан Курманбек Бакиевын төрсөн нутаг Киргизийн өмнөд хэсэгт түүний дэмжигчдийн эсэргүүцэл идэвхжлээ. Тэд Ош, Жалал-Абад, Баткен зэрэг гурван мужийн төвийн  захиргааны байрыг эзэлсэн байна. Бакиевийн дэмжигчид түүнийг албан тушаалд нь буцаахыг шаардаж байна. Үүнээс гадна тэд төрийн тэргүүний бүрэн эрхийг нэлээд хязгаарласан шинэ үндсэн хуулийн төслийг эсэргүүцжээ. Киргизийн түр засгийн газар Киргизийн өмнөд хэсэгт байдал хурцадсаныг “бакиевийн талынхны” өршөөгөө авах оролдлого гэж үзэж байна. Тус бүгд найрамдах улсад сүүлд болсон үйл явдлын цаад шалтгааны талаар Стратеги судалгааны хүрээлэнгийн шинжээч Ажар Куртов ярьж байна: Төрийн эргэлтийн дүнд ихэвчлэн тогтвортой байдлын орон зай үүсдэг. Улс төрийн янз бүрийн хүчин энэ орон зайг өөрсдийн ашиг сонирхолд ашиглахыг оролддог. Зарим хэсэг нь засгийн эрхийг булаан авах, зарим нь алдсан засгийн эрхээ эргүүлж авах, зарим нь хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэхийг хичээдэг. Тиймээс Киргизийн өмнөд хэсэгт болсон үйл явдал миний бодлоор үүнд оролцогчдын янз бүрийн ашиг сонирхолын багц гэж хэлж болохоор байна. Гэмт хэрэгтэн, Бакиевын талынхан, киргизийн өмнөд нутгийн отог омгийнхны ашиг сонирхол байна. Төрийн эргэлтээр Курманбек Бакиевийг зайлуулсан тул Киргизийн хойд нутгийн отог омгийнхон улс төр, эдийн засагт зонхилно хэмээн үзэх бүх үндэслэл өмнөд нутгийнханд байна. Тиймээс тэд түр засгийн газарт хүчээ мэдрүүлэхийг хичээж байна. ТУХН-ийн орны Хүрээлэнгийн дундад болон төв Азийн хэлтсийн захирал Андрей Грозин мөн ижил байр суурьтай байна. Тэрээр манай радио станцад өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдсэн юм:  Ош, Жалал-Абад, Баткенд болж байгаа үйл явдлыг түр засгийн газрын мэдэгдэж байгаачлан хуучин ерөнхийлөгчийг дэмжигчид засгийн эрхэнд гарахыг оролдож байгаа, ямар нэг хувьсгалын эсрэг үймээн гэж нэрлэх хэрэггүй гэж би бодож байна. Үнэн хэрэгтээ Киргизийн өмнөд хэсгийн албан болон албан бус отог омгийнхон түр засгийн газарт сэтгэл дундуур болохоо харуулж байна. Тэд ийм байдлаар хүч, нөлөөгөө харуулахыг хичээж байна. Харин тэд үйлдлээ улс төрийн хууль ёсны мэт харагдуулахын тулд хуучин ерөнхийлөгчийн овгийг ашиглаж байна.  Киргизийн нөлөө бүхий улс төрчдийн хэн нь ч улс орноо хойд болон өмнөд хэсэгт хуваах асуудлыг дорвитой авч үзэх нь юу л бол хэмээн тэр хэллээ. Энэ тохиолдолд Киргиз тусгаар улсын хувьд оршихоо болино. Энэ улсад үйл явдал учир зүй гэхээс тус улсын онцлогоос хамааран өрнөдөг талтай гэж шинжээч хэллээ.
Орчуулсан Г.Нарангарав