Умард Солонгосын эрдэмтэд халуун цөмийн нэгдэх урвалын технологитой болсон тухай Пхеньяны мэдэгдэл үндэслэлгүй гэж оросын олонх шинжээч үзэж байна.  Ким Чен Ирийн төрсөн өдөртэй давхцдаг нарны баярыг тохиолдуулан БНАСАУ-ын эрдэмтэд халуун цөмийн нэгдэх урвалын технологитой болсон тухай мэдэгдэл үндэслэлтэй эсэхэд дэлхийн шинжээчид эргэлзэж байна. Америкчүүд хүртэл энэ мэдэгдэлд онцгой ач холбогдол өгсөнгүй. БНАСАУ атомын салбарт урагш алхам хийхийг ингээд шууд үгүйсгэж болохгүй гэж Оросын шинжлэх ухаан академийн Дорно дахины хүрээлэнгийн солонгос судлаач, шинжээч Александр Воронцов үзэж байна. БНАСАУ цөмийн зэвсэг бүтээх тухайд дэлхий дахинаа эргэлзэж байсан үе бий. Пхеньяны эдийн засаг, аж үйлдвэрлэл бололцоогүй гэж зөвхөн АНУ төдийгүй Орос улс бодож байсан. Гэсэн ч тус улс үүнийг бүтээж, хоёр ч удаа туршсан. Тэгэхлээр БНАСАУ халуун цөмийн нэгдэх урвалын технологитой болох аргагүй гэж ярих нь чухам үндэслэлгүй, хариуцлагагүй хэрэг юм. Нөгөө талаас халуун цөмийн нэгдэх урвалын реактор нь туршилтын, түүгээр ч барахгүй онолын бүтээл байж болохыг ойлгох хэрэгтэй. БНАСАУ энэ төслийг амьдрал дээр хэрэгжүүлэх нь эргэлзээтэй. Гэхдээ тус улс энэ чиглэлээр урагш ахиж, завсрын амжилтанд хүрэх бүрэн боломжтой. Оросын шинжлэх ухаан академийн Дэлхийн эдийн засаг, Олон улсын харилцааны хүрээлэнгийн дэргэдэх орчин үеийн Солонгос судлалын төвийн судалгааны хөтөлбөрийн захирал Георгий Толорая мөн ийм байр суурьтай байна. Дэлхийн ямар ч улс оронд халуун цөмийн нэгдэх урвалын технологийг үйлдвэрлэлийн хэмжээнд ашиглаагүй. БНАСАУ энэ чиглэлд судалгаа хийж, ямар нэг найдвар төрүүлэх үр дүнд хүрснийг ярьж байх шиг байна. Пхеньян зөвхөн  зургаан талын яриа хэлэлцээ төдийгүй өрсөлдөгчтэй яриа хэлэлцээ хийхэд  бооцоогоо ихэсгэхийн тулд ийм мэдэгдэл хийсэн гэж бодож байна. Тус улс ийм байдлаар цөмийн технологио сайжруулж байгаагаа харуулахыг зорьжээ. Умард Солонгосын удирдлага солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зөвлөлгөөнд сөрөг талынхныг илүү дуулгавартай болгохыг бодсон байна. Пхеньяны энэхүү мэдэгдэлд МАГАТЭ, дэлхийн хамтын нийгэмлэг болгоомжлохоос аргагүй. Гэхдээ үүнийг хэт дөвийлгөн үнэлэх хэрэггүй гэж Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин үзэж байна. Пхеньян нэг бус удаа цөмийн хөтөлбөртэй холбоотой технологийн шинжтэй мэдэгдэл хийж байна. Үүнд бүгд дасжээ. Тухайлбал газар доорх туршилт, пуужин харвах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээнээс гарах зэрэг практик алхам цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх дэглэмд ноцтой сорил болж байна. Мэдээж хэрэг МАГАТЭ, янз бүрийн орны цөмийн мэргэжилтнүүд Пхеньяны сүүлчийн мэдэгдлийг нарийн судалж байна. Урьдчилсан мэдээгээр түгших үндэслэл алга. Ямартаа ч энэ шатанд түгших хэрэг байхгүй.
Орчуулсан Г.Нарангарав