Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Григорий Карасин, Төв Азийн асуудал эрхэлсэн Европын Холбооны тусгай төлөөлөгч Пьер Морель нар Москва хотноо Киргизийн байдлыг хэлэлцлээ. Пьер Морель тавдугаар сарын эхэнд Бишкект очихдоо, төв азийн тус бүгд найрамдах улсын нийгэм-улс төрийн үйл явц, Европын Холбоо тус улсыг цаашид “ардчилсан” болгохыг сонирхож байгаа тухай мэдэгдсэн юм. Улс орны удирдлагыг парламентын хэлбэрт шилжүүлэх Киргизийн түр засгийн газрын шийдвэрийг Европын Холбоо дэмжиж байгааг тэрээр тэмдэглэв. Киргизийн түр засгийн газар сонгууль болон санал хураалт явуулах Төв комиссийн бүрэлдэхүүнийг хэдийн тодорхойлжээ. Улс орны үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг тодорхойлох ёстой Үндсэн хуулийн зөвлөл 5-р сарын 4-өөс ажиллаж эхэлжээ. Тус бүгд найрамдах улсад 6-р сарын 27-нд үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал хураалт болно. Үүнийг бүх нийтээр сайшаавал тус улсын ерөнхийлөгч бүрэн эрхийн үндсэн хэсгийг парламентад шилжүүлнэ. Киргизд 10-р сарын 10-нд парламент болон төрийн тэргүүний сонгууль болно. Тус бүгд найрамдах улсад 4-р сарын эхэнд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагааны дараа сөрөг хүчин засгийн эрхэнд гарсан юм. Ерөнхийлөгч Курманбек Бакиев улс орноос явахаас аргагүй болж, огцорсон байна. Сөрөг хүчин түр засгийн газрыг эмхэлэн байгуулж, парламентыг тарааж, ерөнхийлөгч, засгийн газрын үүргийг гүйцэтгэх болсон юм.