Тайбэйн хууль тогтоох байгууллага эх газрын Хятадын оюутнуудыг Тайванийн их дээд сургуульд элсүүлэхээр шийджээ. Парламентын гишүүдийн энэ алхам тус аралд маргаан дэгдээлээ. Энэ шийдвэр Тайванийн боловсролын системд аюултай төдийгүй, эдийн засагт онц ноцтой үр дагавартай гэж зарим улс төрч үзэж байна. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов энэ сэдвийг үргэлжлүүлэн тайлбарлана. Эх газрын Хятад, арлын харилцааг олон жил хязгаарлаж байсан бас нэг саад нурлаа. Ирэх оны хичээлийн жилээс эх газрын 2000 орчим оюутан тайванийн их сургуульд элсэж магадгүй байна. Энэ хангалттай өндөр үзүүлэлт цаг хугацаа өнгөрөх тусам өсч болох юм. Тайвань газар зүйн хувьд ойр дөт, хэлний саад тотгор байхгүй зэрэг нь ирээдүйд хэрхэхээ тунгаан бодож байгаа хятад оюутнуудад илэрхий давуу тал юм. Үүний зэрэгцээ Тайванийн их дээд сургууль их нэр хүндтэй. Тайванийн их сургууль, Тайванийн шинжлэх ухаан, технологийн их сургууль, Тайванийн политехникийн их сургуулийн түвшинг дэлхийн академийн хүрээнийхэн өндөр  үнэлдэг. Эх газрын Хятадаас оюутан элсүүлэхийг үндсэндээ зөвшөөрсөн парламентын гишүүдийн шийдвэрийн тухайд зүгээр ч нэг маргаан дэгдээгүй. Эх газрын оюутнууд тайванийн их дээд сургуулийг дүүргэснээр хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөөн ихэснэ гэж Тайванийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичиж байна. Үүнээс гадна эх газрын Хятадаас олон оюутан элсэх тул тайванийн их дээд сургуульд элсэх босго өндөр болж магадгүй байна. Авьяас чадвартай нэг нь бусад оронд боловсрол эзэмшихээр арлаас явж магадгүй хэмээн парламентын гишүүдийн энэ шийдвэрийг шүүмжилж буй сөрөг хүчний улс төрчид болгоомжилж байна. Зарим охид, хөвгүүд эх газрын их дээд сургуулийг сонгох боломжтой тул тайванийн их дээд сургуулийн нэр хүндэд энэ нөлөөлнө. Ийнхүү эмээж байгаа нь хэр үндэслэлтэй вэ? Хятад төдийгүй Тайванийн боловсролын системийг сайн мэддэг Москвагийн улсын их сургуулийн Ази, Африкийн дээд сургуулийн орлогч захирал Андрей Карнеевт энэ асуултыг тавилаа.  Тайванийн дээд боловсролын систем хэдхэн жилийн дотор үгүй хийх аргагүй давуу талтай. Тайванийн дээд сургуулийн систем өрнөдийн орнуудын их дээд сургуулиудтай олон арван жилийн турш нягт хамтран ажиллаж байна. Шинжлэх ухаан, дээд боловсролд академи хэм хэмжээг сайн хангадаг юм. Тайвань өрсөлдөөний энэ давуу талаа тэр даруй алдах нь юу л бол. Түүхэн ирээдүйд Тайванийн хоолойн хоёр эрэг гарцаагүй илүү нягт хамтран ажиллана. Энэ тийм их аюултай үйл явц гэж бодохгүй байна. Аялал жуулчлалын салбарт харилцаа тогтооход мөн л айж, эмээцгэж байсан ч, эмгэнэлт зүйл тохиогоогүй. Бээжин, Тайбэйн тодорхойлсон хүрээнд бүх зүйл амжилттай хөгжиж байна. Их дээд сургуулиа нээж байгаа тайваний талын шалтгааныг ойлгож байна гэж профессор Андрей Карнеев тэмдэглэв. Манай өөрчлөгдөж байгаа ертөнцөд эсэн мэнд үлдэх боломж Тайваньд байна. Энэ бол Хятадын уудам зах зээл ялангуяа  авьяас ур чадварын асар их нөөцөд түшиглэх хэрэгтэй. Тайванийн улс төрчид эмээж байгаа тухайд гайхах хэрэггүй гэж Андрей Карнеев хэлэв. Эх газрын Хятадтай ойр дөт болохтой холбоотойгоор тайванийн нийгмийн янз бүрийн байр суурийн нэг энэ гэж шинжээч тэмдэглэв. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг хүргэлээ.
Орчуулсан Г.Нарангарав