Орос улсад хэдэн сая хүн Ялалтын 65 жилийн ойд зориулсан ардын өргөн зугаалга, баярын арга хэмжээнд оролцжээ. Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн цэргийн дурсгалын цогцолбор оршдог Москва хотын Поклонный ууланд олон хүн очив. Цэргийн алдар цуут хотуудад энэ удаа баярын салют өмнөх жилүүдээс удаан үргэлжиллээ. Өчигдөр москвагийн цагаар өглөө 10 цагт улс даяар цэргийн парад болов. Москва хотын Улаан талбайд гол ёслолын арга хэмжээ боллоо. Оросын цэргийн албан хаагчидтай анх удаа гитлерийн эсрэг эвслийн цэргүүд, мөн ТУХН-ийн орнуудын цэргүүд жагслаа. Германы канцлер Ангела Меркель зэрэг 20 гаруй орны төрийн тэргүүн парад үзэв.