Оросын 19 хотод 5-р сарын 9-нд цэргийн парад, Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойн арга хэмжээ нэгэн зэрэг болно. Мэдээж хэрэг Москва хотын Улаан талбайд болох парад баярын гол арга хэмжээ байна. Энэ аугаа арга хэмжээ түүхэн, орчин үеийн хоёр хэсгээс бүрдэнэ. Сүүлийн жилүүдэд Ялалтын парадад аугаа эх орны дайны үеийн цэргийн техник анх удаа оролцож байна. Парадад оросын хэсгийн хамт АНУ, Франц, Их Британи, Польш зэрэг гитлерийн эсрэг эвслийн орнууд, хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан ТУХН-ийн орнуудын цэргийнхэн мөн оролцоно. Ялалтын анхны парад 1945 оны 6-р сард Улаан талбайд болсон юм. Сарын хугацаанд парадын 40 мянга гаруй дүрэмт хувцас оёж, цэргийнхнийг сонгон шалгаруулжээ. Тухайлбал жагсаалын цэрэг, түрүүч, офицер, генерал зэрэг 16 мянга гаруй хүн багтсан байна. Тэд бүгд Аугаа эх орны дайны фронтод тулалдаж явсан юм. Парадад оролцох хүмүүсийг 30-аас дээш настай, 176 см багагүй өндөртэй, фронтын гавьяа шагналтай, жагсаалын сайн бэлтгэлтэй байх зэрэг өндөр шалгуураар сонгож байв. Бүх фронтоос нэгдсэн нэг хороо парадад оролцсон байна. Ялалтын анхны парадыг цуут маршал Георгий Жуков цагаан морьтой эхлүүлсэн юм. Анх парадыг Сталин эхлүүлэх бодолтой байсан тухай ярьдаг. Их өрлөг жанжин тухайн үед 65 настай морь унах дадал хангалтгүй байсан юм. Улаан талбайн бунханы хөлд бут ниргүүлсэн фашист германы цэргийн тугийг хаясан нь 1945 оны парадын оргил байлаа. Ялагдсан дайсныг жигшин зэвүүцэж байгааг тодотгохын тулд бээлийтэй, бөмбөрийн нижигнээнд энэ ёслол болсон юм. Парадын дараа бээлийг ёслол төгөлдөр шатаажээ. Түүхэн ирээдүй сангийн мэдээлэл-задлан шинжилгээний хөтөлбөрийн захирал Александр Музафаров Ялалтын парадын түүхийн талаар ярихдаа: 1940-өөд он болон 1950-аад оны эхний хагаст 5-р сарын 9 баярын өдөр  ч, амардаггүй байлаа. 1965 онд ялалтын 20 жилээр Ялалтын баяр жинхэнэ баярын утга агуулгатай болсон. Тухайн үеийн зөвлөлтийн удирдагчдаас фронтод тулалдаж явсан цорын ганц хүн Леонид Брежнев байлаа. Брежневийн өмнөх удирдагч Никита Хрущев бараг дайнд оролцоогүй, үндсэндээ улс төрийн асуудал эрхэлж байв. Үүнээс гадна дайны үеийн зөвлөлтийн цэргийн амжилтгүй хэд хэдэн ажиллагаа Хрущевын үйл ажиллагаатай холбоотой. Мөн Хрущев армийн дээд командлалын бүрэлдэхүүнтэй төдий л сайн харилцаатай байгаагүй. Ялалтын өдөр зэвсэгт хүчинтэй шууд холбоотой шүү дээ. Аугаа эх орны дайнд зөвлөлтийн ард түмний Ялалтыг мөнхжүүлэх тухай холбооны хуулийн дагуу 1995 онд Орос улсын нийслэл Москва, цэргийн тойрог, флотын штаб байрладаг хотуудад цэргийн парад явуулах уламжлалыг сэргээсэн байна. Харин 2008 оноос Москва хотын улаан талбайд цэргийн техник парадад оролцох болжээ. Энэ удаа оросын нийслэлд болох парадад байлдааны шинэ техникийг танилцуулна. Парадад оролцох нисэх онгоцууд цагаан-хөх-улаан өнгөтэй төрийн далбааг Улаан талбайн дээгүүр утаагаар дүрсэлнэ. Аугаа Ялалтын 65 жилийн ойн ёслолын арга хэмжээнд төр засгийн 30 гаруй тэргүүн, гадаадын олон зочин, Аугаа эх орны дайны ахмад дайчид оролцоно.
Орчуулсан Г.Нарангарав