Зөвлөлт болон буриадын зураачдын Аугаа Ялалтын 65 жилийн ойд зориулсан уран зураг, гарфик, барималын үзэсгэлэн өнөөдөр Буриадын уран зургийн музейд нээгдлээ. Энэ үзмэрийн хүрээнд ЗХУ-ын баатар, Орос улсын ардын зураач Георгий Москалевын хувийн үзэсгэлэн мөн гарч байна. Өдгөө 85 настай ахмад дайчин Буриадад амьд сэрүүн байгаа ЗХУ-ын цорын ганц баатар юм. Тэрээр дайныг өөрийн нүдээр харж, Аугаа эх орны дайныг дүрсэлсэн оросын дайны сэдвээр уран бүтээл туурвисан цөөн зураачдын нэг билээ. Георгий Москалев 1943 онд 18 настайдаа фронтод явсан байна. Тэрээр Молдав, Румын, Болгар, Югослав, Унгар, Чехословак, Австрийг чөлөөлөхөд оролцсон юм. Георгий Москалев цэргээс халагдсаны дараа Эрхүүгийн уран зургийн сургууль, В.И.Суриковын нэрэмжит Москвагийн улсын уран зургийн сургуулийг дүүргэсэн байна. “Георгий Москалевын бүтээл нь хойч үеийнхэнд дайны талаарх амьд дурсамж юм” хэмээн Буриадын ерөнхийлөгч Вячеслав Наговицын үзэсгэлэнгийн нээлтэд тэмдэглэв.