Оросын хөлөг онгоц сөнөөгч “Маршал Шапошников” томоохон хөлгийн цэргийн далайчид өчигдөр дээрэмчдийн булаан эзэлсэн “Московский университет” шатахуун тээгч хөлөг онгоцыг өнөөдөр чөлөөлөв. Хөлгийн багийн бүрэлдэхүүнд явсан оросын 23 иргэн хохироогүй байна. Нэг дээрэмчин үрэгдэж, үлдсэн 10 хүнийг баривчилжээ. Тэднийг Москвад шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдэж байна. Улаан тэнгисээс Хятадыг чиглэн явсан, нефть ачсан хөлөг онгоцыг лхагва гаригт Адены тохойн зүүн хэсэгт дээрэмчид булаан эзэлжээ. Хөлгийн ахмад дээрэмчид халдсан тухай дохио өгсний дараа холбоо тасарсан юм. Шатахуун тээгч хөлгийг маш шуурхай чөлөөлсөн байна. Африкийн эрэг орчмын нутагт байрлаж байгаа НАТО болон Европын Холбооны Цэрэг тэнгисийн хүчинтэй хамтран энэ ажиллагааг явуулахаар төлөвлөсөн байна.