Ким Чен Ирийн Хятадад хийх айлчлалын албан ёсны хэсэг хараахан эхлээгүй ч, үүнийг тойроод олон таамаг, сураг ажиг гарч байна. Уламжлал ёсоор Умард Солонгосын удирдагчийн гадаадад хийх айлчлалыг ямагт дагалддаг тэр нууцлаг байдал үүний шалтгаан юм. Сэдвийг “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов үргэлжлүүлнэ.  Ким Чен Ир Хятадын нутаг дэвсгэрт хөл тавьсан гэх мэдээлэл батлагдаагүй байхад сэтгүүлчид сураг ажиг тавьж, Ким Чен Ир гадаадад айлчлахдаа голдуу хуягласан галт тэргээр аялдаг зэргийг мэдээлж байв. Ким Чен Ирийн найруулан тавьсан “Улаан өргөөн дахь зүүд” дуурийн жүжгийг Бээжинд тоглох уран бүтээлчид Умард Солонгосын удирдагчийн хамт Хятадад ирсэн тухай мэдээлж байна. Шуугиан ар араасаа цуварна. Ким Чен Ир Хятадад айлчлахыг эртнээс хүлээж байсан. Умард Солонгосын удирдагч БНХАУ-ын дарга Ху Зиньтао болон хятадын бусад удирдагчтай ойрын өдрүүдэд уулзах нь Бээжингийн дээгүүр тушаалын эх сурвалжаас иш татсан ч бай, батлагдлаа. Тухайлбал Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир Хятад улсад айлчлах тухай мэдээллийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Зян Юй өчигдөр баталж, бас үгүйсгэсэнгүй. “Айлчлалын нөхцлийг тусдаа тохиолдол бүрт талууд тохиролцож байна” гэж тэрээр хэллээ. Урьд Пхеньяны шаардаснаар БНАСАУ-ын удирдагч Хятад улсад айлчилсан талаар түүнийг эх орондоо буцсан хойно мэдээлсэн юм. Энэ удаа яриа хэлэлцээнд ямар асуудлыг голчлон хэлэлцэх вэ? Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Константин Асмолов “Оросын дуу хоолой” радиод энэ талаар байр сууриа хуваалцсан юм. Энэ удаа Хятад, Умард Солонгосын удирдагчид хамтран хэлэлцэх маш олон сэдэв байна гэж Константин Асмолов хэллээ. Юуны түрүүнд цөмийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээг сэргээх арга зам, цөмийн үл дэлгэрүүлэх асуудлаарх өнөөгийн Бага хурлын энэ үед цөмийн асуудлыг тойрсон нөхцөл байдал зэрэг байна. Дараа нь эрчим хүч, хүнсний тусламжийн асуудал үлдэж байна. БНАСАУ-ын хүнсний хангамж сайжраасай хэмээн хүсэхээр байгаа, одоогоор Хятад улс үндсэндээ Умард Солонгост бараа нийлүүлж байна гэж Солонгосын асуудал эрхэлсэн оросын шинжээч Константин Асмолов тэмдэглэв. Өмнөд Солонгосын улс төрийн хүрээнийхэн Умард Солонгосын удирдагч Хятадад айлчилж байгаад янз бүрээр хандаж байна. Өмнөд Солонгосын “Чхонан” хөлөг онгоц Шар тэнгист сүйрсэн энэ үед Ким Чен Ирийг Хятадад урисанд сэтгэл дундуур болохоо эрх баригч намын төлөөлөгчид илэрхийллээ. “Чхонан” хөлөг онгоц 3-р сарын 26-нд үл мэдэгдэх мина, эсвэл усны ёроолоор харвасан торпедын уршгаар хүчтэй дэлбэрч, живэхэд 46 далайчин амь насаа алджээ. Хятадын удирдлага энэ хэрэгтэй холбогдуулан түгшиж байгаагаа Умард Солонгосын удирдагчид илэрхийлэх ёстой гэж Өмнөд Солонгосын зарим улс төрч үзэж байна.  Өмнөд Солонгосын “Чхонан” живсэн хөлөг онгоцыг тойрсон асуудал яриа хэлэлцээний гол сэдэв байна хэмээн ярьж буйг Константин Асмолов Сөүлд тарсан хошин таамагт оруулж байна. Өмнөд Солонгос хариугаа авах тухай ярьж, байдал хурцадвал Бээжин хэрхэн хандах асуудлыг хэлэлцэнэ. Пхеньян энэ хэрэгт буруутай гэх баримт одоохондоо байхгүй байгааг Асмолов тэмдэглэв.  Үүнээс гадна яриа хэлэлцээний үеэр Пхеньянд засгийн эрхийг шилжүүлэх тухайд БНХАУ хэрхэн хандах асуудлыг хөндөх магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Ямартаа ч Ким Чен Ир Хятадад хүү Ким Чон Ынийг авчирах гэж байгаа тухай сураг айлчлалын өмнө гарч байна. Тэрээр засгийн эрхийг түүнд шилжүүлэхээр шийдэж, залгамжлагчаа хятадын удирдагчид танилцуулах гэж байгаа бололтой. Бээжин, Пхеньяны хоёр талын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдлаас үзэхэд Умард Солонгосын удирдагчийн айлчлал нэн чухал юм.
Орчуулсан Г.Нарангарав