Мексикийн тохойд асгарсан нефтийн хор уршгийг 2-3 сард арилгана гэж Европт томоохонд ордог Британийн ВР /Бритиш Петролиум/ нефтийн компанийн ерөнхий захирал Тони Хейворд мэдэгдэв. Өнөөдөр дэлхийн янз бүрийн өнцөг булан бүрт үүнээс сургамж авч, сүүлийн жилүүдэд хамгийн томд орох экологийн энэ ослоос ирээдүйдээ дүгнэлт хийж байна.  ВР компанийн нефть олборлох цогцолбор 4-р сарын 22-нд 36 цаг шатасны эцэст АНУ-ын Луизана муж улсын эргийн орчимд живжээ. Сүүлийн үеийн мэдээгээр Мексикийн тохойд асгарсан нефтийн жинхэнэ хэмжээ хоногт 100 мянган баррелээс давж магадгүй байна. Энэ нь америкийн засгийн газрын анх мэдэгдсэнээс даруй 20 дахин илүү байна. АНУ-ын Дотоод хэргийн сайд Кен Салазар даваа гаригт энэ тухай мэдэгдэв. Зохих арга хэмжээ авч байгаа ч, далайд асгарсан нефтийн толбо маш хурдан ихсэж байна. Одоогоор нефтийн толбо Луизана муж улсын эрэгт очиж, онц байдал зарлаад байгаа Флорида, Алабама муж улсын эрэгт дөхжээ. Мэргэжилтнүүд 5 тэрбум долларын хохирол учирсан гэж дүгнэж байна. ВР компани ослын уршгийг арилгах бүх зардлыг төлнө хэмээн амласан байгаа. Нефтийн толбо Оросын эрэгт мэдээж хүрэхгүй. Энэ нь ослоос сургамж авах шаардлагагүй гэсэн үг биш хэмээн Дэлхийн онгон байгалийн сангийн байгал хамгаалах бодлогын асуудал эрхэлсэн захирал Евгений Шварц үзэж байна. Эх газрын усан доор үргэлжлэх хэсэгт нефть олборлоход осол гарахыг бүрэн үгүйсгэх аргагүй гэсэн энгийн дүгнэлт байна. Хуулийн зохих шаардлага хангаагүй тохиолдолд нефть олборлож болохгүй. Мексикийн тохойд гарсан энэ ослоос манай орны удирдлага, нефтийн салбарынхан, Улсын Дум, Байгалийн нөөцийн яам, тээврийн яам, мөн Онц байдал болон иргэний батлан хамгаалах яам зохих дүгнэлт хийж байгаа гэж найдаж байна. ОХУ-ын Улсын Дум байгалийн ослын үр дагаврыг арилгах үйл явцыг зохицуусан байгал хамгаалах хуулийг одоохондоо үзэл баримтлалын түвшинд хэлэлцсэн байна. Одоо сонирхосон яам, газрууд ажлын хэсэг байгуулж, үзэл баримтлалыг хуулийн эх болгон өөрчилнө гэж найдаж байна. Хуулийн төслийг тэргүүн зэрэгт Улсын Думд өргөн барина. Мексикийн тохойд гарсан ослоос дэлхийн улс орнуудын олж авсан туршлага, эрсдлийг бид Арктик, Охотын тэнгис, Баруун Камчаткийн усан доорх эх газрын үргэлжлэлд нефть олборлоходоо харгалзах учиртай. Каспийн тэнгисийн эрэг, Атлантын төдийгүй дэлхийн далайд нефть олборлохдоо энэ туршлагыг даруй харгалзана. Тус бүс нутагт ажилладаг нефтийн компаниуд “Мексикийн тохойд экологийн осол гарсантай холбогдуулан Каспийн тэнгист явуулж байгаа нефть хийн ажиллагааны экологи, хөрөнгө оруулалтын эрсдэл” сэдэвт онц хурал зохион явуулахаар төлөвлөж байна. Каспийн тэнгис-Европын интеграцчлагдсан ажил хэргийн клубт багтдаг компаниудын хүсэлтээр энэ арга хэмжээг зохион байгуулж байна. “ВР компани манай клубын гишүүн бус ч, тус компанийн төлөөлөгчид манай хэлэлцүүлэгт оролцоно” гэж найдаж байна хэмээн клубын гишүүн Тельман Алиев сэтгүүлчдэд ярилаа.
Орчуулсан Г.Нарангарав