АНУ-ын цөмийн зэвсэглэлд өнгөрсөн оны 9-р сарын 30-ны байдлаар 5113 байлдааны цэнэгт хошуу байна. Өнөө хир улсын нууцын ангилалд багтаж байсан мэдээллийг Пентагон даваа гаригт задлав. НҮБ-ын төв байранд мөн өдөр цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээний талаарх тойм бага хурал эхэлсэнтэй холбогдуулан ийм алхам хийжээ. “АНУ өнөөдрөөс эхлэн цөмийн зэвсэглэлд байгаа байлдааны цэнэгт хошуу, 1991 оноос задалсан байлдаанц цэнэгт хошууны тоо хэмжээг зарлаж байна” гэж Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон форумын үеэр үг хэлэхдээ тэмдэглэв.