АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс баасан гаригт буюу 4-р сарын 30-нд америкийн эрэгт дөхөж байгаа нефтийн толбыг арилгахад Үндэсний гвардийнхныг илгээхээр шийджээ. Гвардийн 6 мянган цэрэг асгарсан нефтийн хор уршгийг арилгахад оролцоно. Энэ ажиллагаанд Үндэсний гвардийг оролцуулахтай холбоотой зардлыг 90 хоногт улсын төсвөөс гаргана. АНУ-ын Луизана муж улсын дарга Бобби Жиндал муждаа онц байдал зарлаж, 4-р сарын 29-нд Үндэсний гвардийг энэ ажиллагаанд оролцуулахыг хүссэн юм. АНУ-ын Флорида, Алабама муж улсын дарга нар 4-р сарын 30-нд мөн онц байдал зарласан байна. Мексикийн тохойд 4-р сарын 20-нд Deepwater Horizon усан дороос нефть олборлох цогцолбор живснээс усанд нефть асгарч, энэ нефтийн толбо америкийн эрэгт дөхөж байна. Цогцолборт дэлбэрэлт болсны уршгаар 11 хүн үрэгджээ. Дэлбэрэлтийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. “Бритиш Петролиум” компанийн усан дороос нефть олборлох цогцолбор дэлбэрэлтийн дараа эвдэрч, живсэн байна.