Сколковод байгуулж байгаа инновацийн төв дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай байх ёстой. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Обнинскт болсон зөвлөлгөөний үеэр ийм зорилт тавьжээ. “Интел” корпорацийн тэргүүн асан Крейг Баррет, Нобелийн шагналтан биохимич Рожер Корнберг америкийн хоёр иргэн Москва орчимд “Силиконы хөндий” байгуулах ажиглагчийн зөвлөлийг хамтран даргалахыг зөвшөөрсөн байна. Ашиг, орлоготой шинэ технологи боловсруулах эрдэм шинжилгээ-технологийн цогцолбор байгуулах төлөвлөгөөг Д.Медведев бүр хоёрдугаар сард зарласан юм. Инновацийн шинэ төв нь эдийн засгийн шинэ бодлогын туршилтын томоохон талбар нэг ёсондоо ирээдүйн хотын загвар болсон америкийн “Кремнийн хөндийн” оросын хувилбар байх ёстой гэж тэр хэлжээ. Оросын нэрд гарсан бизнес эрхлэгч Виктор Вексельберг төслийг амьдралд хэрэгжүүлэх ажлыг удирдана. Оросын талтай судалгаа, бүтээлийг хөгжүүлэх цогцолборын эрдэм шинжилгээ техникийн зөвлөлийн хоёр даргын нэгээр нобелийн шагналтан академич Жорес Алферовыг томилжээ. Корнберг болон Баррет нар ажиглагчийн зөвлөлийг хамтран даргалахаар зөвшөөрснийг Д.Медведев ийм том төслийн ийм нэр хүндтэй хүмүүс тэргүүлэх ёстой хэмээн тэмдэглэсэн юм. Үр ашигтай бодлогын сангийн ерөнхий захирал Кирилл Танаев энэ талаар ийнхүү ярилаа. Ерөнхийлөгч, түүний багийнхан Сколково дахь төслийг хэрэгжүүлэхээр шуурхай ажиллаж байгааг тэмдэглэмээр байна. Бидний нүдэн дээр дээд зэргийн технологийн салбарыг төр засгаас дэмжих үйл явц эрчимтэй өрнөж байна. Орос улсад хэрэгжүүлэх инновацийн бодит төсөлд гадаадын эрдэмтэн, инновацийн бизнесийг татан оролцуулах механизм боловсруулж байна. Сколковын хөндийг байгуулснаас хойш 5-7 жилийн дараа барьж эхэлнэ гэж Виктор Вексельберг үзэж байна. Төвийн ажлын эхний үр дүн тун удахгүй мэдэгдэнэ гэдэгт бизнес эрхлэгч итгэлтэй байна. Гэхдээ тус төвийн үйл ажиллагааг 5-7 жилд татвараас чөлөөлөхийг санал болгожээ. Сколковод тэг татварыг нэвтрүүлнэ. Тухайлбал ашиг, байгууллагын өмч, газар, тээвэр, нэмүү өртгийн татвар зэрэг юм. Инновацийн хотыг удирдахад байгуулах ерөнхийлөгчийн сангийн тэргүүнээр Вексельберг өөрөө ажиллана. Тус сан 25-30 мянган хүн амтай хот байгуулж, аж байдлыг зохицна. Төсөл ирэх жилээс төсөвт бие даасан мөр болж, 2,5 жилд үүнийг 50-60 тэрбум рублээр санхүүжүүлнэ. 2010 онд барилгын техникийн зорилт, хотын архитектурын үзэл баримтлалын анхны төслийг бэлтгэнэ. Барилгын ажлын өмнө тендер зарлана. Экологи, эрчим хүчний үр ашиг, хотын дотоод логистик, хог хаягдал устгах, ус дулаанаар хангах зэрэг хот байгуулалтын бүх хэсэгт шинэ арга барилаар ажиллаж, техникийн хотыг байгуулна.
Орчуулсан Г.Нарангарав