Москва хотод 5-р сарын 9-нд болох фашизмыг ялсны 65 жилийн ойн баярт төр засгийн 25 удирдагч оролцоно гэж Орос улсын ерөнхийлөгчийн уирдах газрын тэргүүн Владимир Кожин энэ тухай уламжлав. Тухайлбал Болгар, Вьетнам, Монгол, Герман, Грек, Израиль, Итали, Хятад, Македони, Серби, Словак, Франц, Латви, Словени, Хорват, Чехи, Эстони улсын төрийн тэргүүн, мөн Европын Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга нарыг бид урьж оролцуулна” гэж Кожин тодрууллаа. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Британийн ерөнхий сайд Гордон Браун нар хүндэтгэх шалтгаанаар Москвад хүрэлцэн ирэхгүй. Улаан талбайд болох Ялалтын парад баярын гол арга хэмжээ байна. Кремлийн чулуун замаар оросын арми төдийгүй гитлерийн эсрэг ЗХУ-ын холбоотон орнуудын цэргийн анги нэгтгэлийн цэрэг, офицерууд явж өнгөрнө. Фашист Германийн эсрэг тулаанд 1940 оноос оролцсон Уэльсийн гвардийн батальоны хороо Британийг төлөөлнө. Зөвлөлтийн цэргийн бүрэлдэхүүнд явсан нэрд гарсан “Норманд-Неман” эскадрилийн нисэгч, техник Францыг төлөөлнө, Нормандад хамгийн түрүүнд буусан явган цэргийн 18-р хорооны 2-р батальон АНУ-ын армийг төлөөлнө. Фашизмын эсрэг тэмцэлд хамгийн их хүч чармайлт гаргасан Польшийн цэргийн хүндэт харуулууд америкийн суман цэргийн араас явж өнгөрнө. Кремлийн чулуун шалаар Азербайжан, Армени, Белорус, Украин зэрэг ТУХН-ийн орнуудын армийн суман цэрэг мөн жагсана. Туркмены талын хүсэлтээр тус улсын хайрцаглан алхах цэргүүдийн толгойд явах офицер морь унана. Түүнд Ашхабадаас тусгайлан онгоцоор жагсаалын адуу авчирна. Парадад гитлерийн эсрэг эвслийн орнуудын армийн анги нэгтгэл оролцож байгаа нь дэлхийн хоёрдугаар дайны дүн хөдөлбөргүй, хэзээ ч эргэн харах ёсгүй болохыг баталж байна гэж Орос улсын ерөнхийлөгчийн удирдах газрын дарга Владимир Кожин хэллээ. Энэ ялалтыг байгуулсан хүн бүрт хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг гэж бид үзэж байна. Энэ мөн ирээдүйн алхам. Хүйтэн дайн байсныг мартах, мөн шинэ үеийн офицерууд хэзээ ч бие биенийхээ өөдөөс буу шайгайхгүй байх алхам юм. Үүний зэрэгцээ 21 зууны бодит шинэ аюул заналыг арилгахад хамтдаа бэлэн байх ёстой. Үүнээс гадна Орос улсад Ялалтын баярыг тэмдэглэхээр гитлерийн эсрэг эвслийн ахмад дайчид тухайлбал америкчүүд хүрэлцэн ирнэ. Тэд Москва төдийгүй АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц очих Владивосток хотод очино. Ялалтын парад 5-р сарын 9-нд зөвхөн Улаан талбайд болохгүй. Оросын 72 хот, Украины Севастополь хотод цэрэг, цэргийн техникийн оролцоотой ёслолын марш болно. Ялалтын 65 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээнд хэдэн арван мянган ахмад дайчин, цэргийн албан хаагч, 1000 гаруй нэгж байлдааны техник оролцоно.
Орчуулсан Г.Нарангарав