Өнөөдөр бид та бүхэндээ Хаадын суурингийн тухай танилцуулах болно. Петербургээс өмнө зүгт 24 км-т орших Хаадын суурин бол эзэн хааны зуны ёслолын өргөө билээ. Энэ зун, тус өргөөний 300 жилийн ой болно. Энэ дурсгалт газар ЮНЕСКО-гийн дэлхийн өвд багтсан билээ. Хаадын суурин, 300 жилийн туршид, Европын болон Орос орны хувь заяа шийдэгдэж байсан эзэнт гүрний төв байсан юм. Уран барилгын гайхамшигтай цогцолборыг бүтээхэд бүх дэлхийн шилдэг зураачдыг урьж ирүүлсэн билээ. Бас зохиолчид, яруу найрагчид, сэтгэгчдийн Мекка болж байлаа. Хаадын суурин эвдлэн сүйтгүүлж, дахин сэргэж ирсэн түүхтэй билээ. Гэхдээ өнөөдөр энд ирсэн хүн бүрийн харааг булааж байна. Хаадын суурингийн тухай янз бүрийн домог яриа байдаг. Жишээ нь: Алдарт хуван тасалгааны эрэл, хаадын суурингийн нууц метро гэх мэт…Газар доорхи төмөр замаар явдаг вагон барьсан гэсэн яриа. Энэ бүхэн бол зүгээр л домог юм. Хаадын суурин, оросын дээдсүүд болон гадаадын дипломатуудыг албан ёсоор хүлээж авдаг газар байлаа. Энэ бүхэн дээр ордон, цэцэрлэгийн гоёмсог, ганган цогцолборыг нэмэх хэрэгтэй. Хаадын суурин эзэн хааны өргөөнөөс гадна Екатеринагийн, Александровын ордон гэх мэт олон байгууламжаар алдартай юм. Хаадын суурингийн цэцэрлэгүүд дотроос хамгийн алдартай нь Екатиринагийн цэцэрлэгт хүрээлэн, юм. Энэ цэцэрлэгт хүрээлэн ижил нэртэй ордоныхоо хамт, урьд нь Саари-мойс гэдэг нэртэй финийн ногооны газар дээр байгуулагдсан юм. 1-р Петр хаан 1710 онд өөрийн ирээдүйн гэргий Екатеринад түүнийг бэлэглэжээ. Түүхэн үйл явдал ингэж өрнөсөн юм. 1-р Петр хааныг, европ маягын цэцэрлэгт үнэхээр дуртайг нь мэддэг Екатерина финийн хуучин жижигхэн цэцэрлэг, ногооны талбай байсан газар, ордон, цэцэрлэгт хүрээлэн барьж эхэлсэн байна. Тэрээр 16 өрөөтэй чулуун байшин, цэцэрлэгт хүрээлэнг 10 жил барьсан байна. Ордоны өмнөх гүвээн дээр байрласан Екатеринагийн цэцэрлэгт хүрээлэн бол хатан хааны бүтээсэн гайхамшигтай бүтээл юм. Екатерина цэцэрлэгт хүрээлэнг дэвсэг дээр байрлуулж хооронд нь шатаар холбожээ. Энд шув шулуун модот гудамж, янз бүрийн хэлбэр дүрстэй цэцгийн ваарнууд байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн доод хэсэгт эгнүүлэн тарьсан модон дунд сэрүүн асар байна. Гурав дахь дэвсэг дээр хоёр цөөрөм байгуулжээ. Том цөөрмийн цаад талд англи маягын байгалын гайхамшитай цэцэрлэг харагдана. 18-р зууны дунд үед 1-р Петр хааны охин, гүнж Елизавета, Хаадын сууринд шинэ Версаль барих мөрөөдөлдөө хөтлөгдөн, агуу уран барилгач, академик Растереллид уран бүтээлийн эрх чөлөөг олгожээ. Франц маягаар бүтээсэн цэцэрлэгт хүрээлэн унэхээр гайхамшигтай болсон юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн дурсгалт зүйлүүд бол танхимт байрнууд юм. «Эрмитаж» бол хатан хаан, ордныхоны үдийн зоог барих байр байсан юм. Зассан ширээг 2 давхарт гаргах механизм хүртэл хийсэн байлаа. Гадна, дотор талаасаа алтадсан энэ танхим үнэхээр нүд гялбам билээ. Том нуурын дэргэд том агуй барьсан бөгөөд энэ агуй далайн агуй мэт харагдах ёстой гэж Елизавета зарлиг буулгажээ. Танхимын нүүрэн талыг шавраар хийсэн загас, далайн аймшигт амьтан, далайн гахай зэргийн дүрсээр гоёжээ. Дараа нь хатан хаан, агуу их Екатерина энэ танхимыг өөрийн ажлын өрөө болгожээ. 1768 онд Екатерина цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөмжийг өөрчилсөн байна. Түүн дээр англи маягын шинэ байгалын байдлын дүрслэлийг нэмж өгчээ. Шинэ танхимууд хиймэл туурь, хятад гүүр, сэрүүн асрыг санагдуулам болжээ. Екатеринагийн ордны тансаг заалнуудад өөрсдөө амьдарч, гадаадын элчин сайд нарыг хүлээн авч, багт наадам, бүжигт найр зохион байгуулж бүх оросын хаадын баяр ёслолыг тэмдэглэдэг байлаа. Ширээг асар том мөнгөн цэцгийн сав, шаазан эдлэлээр дүүргэдэг байлаа. Ширээний голд, дарс, оргилуун дарс, өнгөт ус гоождог ориглуур байдаг байлаа. Ёслолын заалны нилээд нэртэй танхим нь Хуван өрөө байлаа. Энэ өрөөг нэлэнхүйд нь янз бүрийн хэлбэр хэмжээ, өнгөтэй хувны хэсгүүдээр чимэглэсэн байна. Дэлхийн 2-р дайны үед хуван өрөөг фашистууд герман руу зөөсөн юм. Азаар оросын мастерууд энэ өрөөг дахин шинээр хийсэн юм. Хатан хаан Екатерина өөрийн хайртай ач, ирээдүйн эзэн хаан 1-р Александрт зориулж, уран барималч Кварнегийн төслөөр Александрын ордонг байгуулсан билээ. Энэ ордон л оросын сүүлчийн хаан 2-р Николайд маш их таалагджээ. Сүүлчийн хааны гэр бүл 1905-1917 он хүртэл энэ ордонд амьдарч байжээ. Өнөөдөр Хаадын сууринд соёл, амралтын өргөн ажиллагаа явагдаж байна. Энд үзэсгэлэн үзүүлж, концерт, бага хурал байнга явагдаж байна. Жишээ нь, 5-р сард Екатеринагийн ордонд, «Орос, Франц-2010» жилийн ажлын явцад Роман-Сюр-Изер олон улсын гутлын музей болон хувийн цуглуулгын «Портрет туфельки» францийн үзэсгэлэн ажиллана.