Орос улс газар хөдлөлтөд дахин нэрвэгдсэн Хятад улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ. Орос улсын Онц байдлын яамны тээврийн эхний нисэх онгоц байгалийн гамшиг тохиосон газар нэн шаардлагатай бараа хүргэж байна. Дараагийн онгоцонд бараа ачиж эхэлжээ. Орос улс хөрш оронд хэдий хэр тусламж шаардлагатай байна төдий чинээгээр тусална.  Хятадын баруун хойд нутгийн Цинхай мужид 4-р сарын 14-нд 7 гаруй баллын хүчтэй газар хөдөлсөн юм. Олон хүн байгалийн гамшигт цочирдлоо. Газар доор донсолоход хүмүүс орондоо байжээ. Мод, шавраар барьсан нэг давхар байшин шууд нурсан байна. Гацааны төв Цегу хотод л гэхэд нийт барилгын 90 хувь нь буюу 15 мянга гаруй байшин нуржээ. Энэ үеэр 2 мянга гаруй хүн үрэгдэж, 12 мянган хүн гэмтэж бэртсэн байна. Гурван мянга гаруй эмч хүмүүсийн амь насыг аврахаар ажиллаж байна. Хятадын нийт нутаг дэвсгэрээс байгалийн гамшиг болсон бүст тусламж илгээсээр байна. Орос улс өнөөдөр тусламжийн бараа илгээжээ. Орос улсын Онц байдлын яамны мэдээллийн удирдах газрын орлогч дарга Елена Чернова “Оросын дуу хоолой” радиод энэ тухай мэдэгдэв. ОХУ-ын ерөнхийлөгчийн даалгавраар Орос улсын Онц байдлын яам ИЛ-76 тээврийн нисэх онгоцоор Цинхай мужийн хүн амд майхан, хөнжил, дизель-генератор, хүнсний бүтээгдэхүүн зэрэг хүмүүнлэгийн тусламж хүргэнэ. Нийт 40 орчим тонн ачаа хүргэнэ. Ойрын үед Хятадад хүмүүнлэгийн бараа ачсан бас нэг онгоц илгээнэ. Байгалийн гамшиг тохиосон даруйд Орос улс боломжтой бүхнээр туслахаа мэдэгдсэн. Хятадын удирдагч эх орондоо буцах болсноос төлөвлөсөн хугацаанаас өмнө дууссан Бразильд 4-р сарын 16-нд болсон БРИК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ерөнхийлөгч Д.Медведев БНХАУ-ын дарга Ху Зиньтаод энэ тухай мэдэгдсэн юм. БНХАУ 2008 оны 5-р сард Сычуань мужид болсон хөнөөлт газар хөдлөлтийн уршгийг өнөө хир арилгасаар байна. Тухайн үед 100 мянган хүн үрэгдэж, сураггүй болсон юм. Байгалийн гамшгийг үндэсний томоохон гамшиг хэмээн нэрлэжээ. Орос улс тэр үед ч хөрш оронд тусалсан билээ. Тухайн үед 14 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна. Орос улс Хятадад 22 тусгай нислэг үйлдсэн юм. Оросын “Аврах төвийн” отряд сүйрсэн байшингийн нуранги дороос хүний амь аварсан гадаадын цорын ганц баг байлаа. Орос улс Сычуанийг сэргээн босгоход одоо ч тусалсаар байна. Хятадад тохиосон байгалийн гамшгийн ойгоор хэвлэсэн “Цагаан ном” дурсамжийн тусгай номонд хүнд үед тусалсан хүн бүрт талархажээ. Орос улсын талаар эхний мөрөнд дурдсан байна.
Орчуулсан Г.Нарангарав