Курманбек Бакиев огцрох тухай мэдэгдэлд гарын үсэг зурсан тул хууль эрхийн хэм хэмжээгээр Киргизийн ерөнхийлөгч биш юм. Тус бүгд найрамдах улсын түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаева Бишкект энэ тухай мэдэгдлээ. Парламент огцрох тухай мэдэгдлийг хэлэлцээгүй тохиолдолд тэрээр хууль ёсны төрийн тэргүүн хэвээр байна гэж Курманбек Бакиев үзэж байна. Курманбек Бакиев Минск хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Бакиевийн зөрүүд байдал, Киргизд тогтвортой байдал тогтооход хэргээс холдох хүсэлгүй байгаа зэрэг нь тэрээр хувийн ашиг сонирхолоо үндэснийхээс дээгүүрт тавьдаг болохыг гэрчилж байна гэж Отунбаева үзэж байна. Түр засгийн газар дөрөвдүгээр сарын 6-7-нд болсон үйл явдлыг мөрдөн шалгах комиссийн илтгэлд түшиглэн Киргизийн ерөнхийлөгч асаныг шилжүүлэн, баривчилна гэж тэрээр хэллээ. Отунбаева Киргиз болон Белорус улсын харилцан тусламж үзүүлэх тухай тохиролцоог иш үндэс болгов. Хууль эрхийн үндэс бүрдсэн даруйд Курманбек Бакиевыг дипломат сувгаар эрэн сурвалжилж, шилжүүлэхийг шаардана гэж Киргизээс Минскт суугаа элчин сайдын яам үүний зэрэгцээ мэдэгдлээ. Одоогоор Бакиевын хань хамсаатан 23 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж элчин сайд Ишенкуль Болжурова хэллээ.