Оросын залуучууд дээд зэргийн өрсөлдөөнт орчинд аж төрж, өөрийнхөө төлөө тэмцэх, санасан бодсоноо хэрэгжүүлж сурахад туслах хэрэгтэй. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Москва орчмын Истринскийн дүүрэгт өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Тэнд Төрийн зөвлөл, Соёл, урлагийн асуудал эрхэлсэн Зөвлөл, шинжлэх ухаан, технологи, боловсролын асуудал эрхэлсэн Зөвлөл зэрэг улсын гурван байгууллагын төлөөлөгч цугласан байна. Төр засаг залуу үеийн асуудалд тохиолдлоор ийм их анхаарал хандуулж байгаа юм биш. Хүн ам зүйн ирээдүй хангалттай хүнд байгаа энэ үед Орос улс шинэчлэл, инновацийн хөгжлийн өргөн хүрээтэй зорилт хэрэгжүүлэх болж байна. Өнөөгийн сурагч, оюутнуудаас ойрын хэдэн жилд шинэ санаа, шинэ технологи, шинэ агуулга сэдэхийг шаардаж байна гэж Д.Медведев тэмдэглэв. Энэ  зорилтыг шийдэхэд сургуулийн боловсролын системийг дорвитой шинэчлэх шаардлагатай байна. Үүний зэрэгцээ зөвлөлтийн үед хуримтлуулсан туршлагаа орхих ёсгүй гэж ОХУ-ын Олон нийтийн танхимын боловсролыг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Комиссийн орлогч дарга, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Любовь Духанина “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагатай тэмдэглэсэн юм.  Хүүхдийн бүтээлч ур чадварыг хөгжүүлэх үүднээс боловсролын салбар дахь зөвлөлтийн туршлагаас нэмэлт боловсрол олгох салаалсан системийг ашиглах боломжтой. Тухайлбал сонирхолынх нь дагуу янз бүрийн дугуйлан, секц, клубт явуулна. Хүүхдүүд эх нутаг, аугаа эх Орос орноор аялж, танин мэдэх боломж юм. Одоо юу хийх хэрэгтэй вэ? Багш нарын мэргэжлийн ур чадварыг дорвитой дээшлүүлэх хэрэгтэй. Тухайлбал тэд мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологи, мөн соёлын түвшинг гүнзгийрүүлж, өргөжүүлэх боломжийг судлах шаардлагатай юм. Багш зөвхөн сургуульдаа багшилж, эд материалын бэрхшээлтэй асуудалд зовниж, ёс суртахууны таагүй байдал орох ёсгүй. Ингэсэн тохиолдолд багш хүүхэд хөгжих бүтээлч сайхан орчин бүрдүүлнэ. Ялангуяа ирээдүйтэй, авьяаслаг хүүхдүүдтэй ажиллахад түлхүү анхаарах хэрэгтэй. Орос улсын нөхцөлд том хотуудаас гадна орон нутаг, бүс нутагт авьяастай залуусыг илрүүлж, дэмжих хэрэгтэй. Үүнээс гадна залуу мэргэжилтнүүд мэргэжлийн гараагаа эхлэхэд дэмжих хэрэгтэй байна. Сүлжээ тусгай сургууль, ерөнхийлөгчийн лицей зэргийг байгуулахын зэрэгцээ энэ арга хэмжээ нь залуучуудын орчны сөрөг хандлагыг даван туулж, улс орон цаашид хөгжихөд түлхэц болно. Оросын бүс нутгийн нэг Киров мужийн дарга Никита Белых Улсын байгууллагын хамтарсан хуралдааны үеэр энэ тухай мэдэгдсэн билээ. Төр засаг, нийгэм өнөө үед манай нийгмийн асар их потенциалыг зүгээр нэг идэвхжүүлээд зогсохгүй үүнийг улс орны сайн сайхан байдалд чиглүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна. Орос улсад боловсрол эзэмшсэн, ажиллах эрч хүчээр дүүрэн мэргэжлийн хүмүүс гадаадад гарахтай эвлэрэх ёсгүй. Энэ хандлагыг эвдэхийг хичээх хэрэгтэй. Үүний тулд системтэй, үр нөлөөтэй арга хэмжээ авах хэрэгтэй. Соёлтой, мэргэжлийн, уран бүтээлч хүн улс орныхоо сайн сайхан байдлын төлөө ажиллахад бэлэн гэх итгэл үнэмшлээс энэ урган гарна. Энэ хамгийн дээд үнэт зүйл юм. Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээгээр нэмэлт боловсрол олгох системд оросын 10 сая гаруй хүүхэд хамрагдажж байна. Улс орондоо ач тустай иргэд өсгөн хүмүүжүүлэх нь сургууль, нийгэм, улсын зорилт юм.
Орчуулсан Г.Нарангарав