Киргизд засгийн эрхээс огцорсон Курманбек Бакиев өөрийг нь огцруулсныг хууль бус хэмээн үзэж, одоогоор тус бүгд найрамдах улсад ерөнхийлөгчийн хувиар буцаж очих бодолтой байна. Тэрээр Белорусын нийслэлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай уламжлав. Дарамт шахалтын улмаас огцрох тухай мэдэгдэлд гарын үсэг зурж, өөрийг нь төр засгаас зайлуулах хүртэл үйл явдал өрнөнө гэж бодоогүй хэмээн тэрээр мэдэгдэв. Бакиев Киргизээс явсны дараа түр засгийн газар түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрох мэдэгдэлд гарын үсэг зурсан тухай мэдэгдсэн юм. Үүнийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн байгаа. Киргизд эмх замбараагүй байдал дэгдэснээс хойш анх удаа энэ лхагва гаригт Бакиев хэвлэлд өгсөн тусгай мэдэгдэлдээ тус бүгд найрамдах улсын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцроогүй болохоо мэдэгдэж, Киргизийн түр засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй байхыг дэлхийн удирдгачдад уриалжээ. Киргизийн байдлыг зохицуулахад хүч хэрэглэх үндэслэл байна гэж Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага үзэж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа өнөөдөр энэ тухай Алма-Ата хотод мэдэгдэв. Үүссэн нөхцөл байдал нь Киргизийн дотоод хэрэг хэмээн тус байгууллага үзэж байгаа хэмээн тэрээр бас хэллээ.