НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Орос улстай хамтран пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах үзэл баримтлалыг эвслийн Гадаад хэргийн сайд нарт танилцуулах бодолтой байна. НАТО-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Эстонийн нийслэл Таллинд хоёр өдөр уулзахаар пүрэв гаригт цуглажээ. “Орос улстай хамтрах” төслийг хэлэлцэхэд Москваг урисангүй. Орос, НАТО бүх нийтийн аюулгүй байдлыг хангах салбарт хамтран ажиллахыг Москва нэг бус удаа санал болгосон. Үндсэндээ эвсэл энэ асуудлаар Москватай яриа хэлэлцээ хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Орос, НАТО-ийн орнууд хамтдаа бүтээж, бүгдийн “аюулгүй байдлын нэгдсэн дээвэр” болох пуужингийн систем байгуулах шаардлагатай гэж Расмуссен гуравдугаар сарын эцэст мэдэгдсэн юм. Расмуссен энэ “дээврийн” “загварыг” санал болгоогүй ч, энэ төлөвлөгөө Ванкуверээс өгсүүлээд Владивосток хүртэл нийт нутаг дэвсгэрийг хамарч, Орос улс евро-атлантын нийгэмлэгийн бүрэн гишүүн болох улс төрийн бэлэг тэмдэг болох ёстой гэдгийг тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ Орос, НАТО-ийн пуужингийн довтолгооноос хамгаалах нэгдсэн системийн салбарт хамтран ажиллах эцсийн төлөвлөгөөг энэ оны 11-р сард Лиссабонд болох дээд хэмжээний уулзалтад танилцуулах эвслийн стратегийн шинэ үзэл баримтлалд оруулах ёстой. Тэгэхлээр Нарийн ширийнийг уялдуулах хугацаа бага байна. НАТО-ийн орнууд оросын талтай тодорхой яриа хэлэлцээ хийхийн оронд эхлээд хамтын ажиллагааны өөрт тохирох хувилбарыг боловсруулж, дараа нь Орос улсад санал болгохоор шийджээ. Москвад ийм байдлаар хандаж болохгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэмдэглэв. Пуужингийн системийн асуудлаарх яриа хэлэлцээнд холбогдох бүх улсыг оролцуулсны дүнд Умард Атлантын эвсэл болон ОХУ асуудлаар хамтран ажиллах боломжтой. Хамгийн гол нь хамтын ажиллагааны тухай өгүүлж байна. Тэгвэл энэ нь пуужингийн аюул заналд дүн шинжилгээ хийх, энэ талаар ерөнхий хандлага боловсруулах, үүниы эсрэг хэрхэн тэмцэх зэрэг хамгийн эхний алхамаас эхлэх ёстой. Ингэсэн тохиолдолд хамтын ажиллагааны тухай ярих боломжтой. Бидний оролцоогүй боловсруулсан төслийг батлахад биднийг урих бол үүнийг хамтын ажиллагаа гэж нэрлэхэд бэрх юм.  Өөр нэг нөхцөл байдлыг тэмдэглэе. Эвсэл Орос улстай хамтран пуужингийн систем байгуулах тухай бодож тунгааж байхад, АНУ Европт пуужингийн систем байгуулах өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Америкийн “Пэтриот” пуужинг сарын дараа зүүн европт байрлуулах тухай Польшийн үндэсний батлан хамгаалах яамнаас уламжиллаа. Зенитийн эхний батарейг 5-р сарын 24-нд орос-польшийн хилээс 100 км зайд хүргэнэ. НАТО-ийн ямар ч төлөвлөгөөг үл харгалзан Европт пуужингийн систем байгуулах АНУ-ын төлөвлөгөө амьдралд хэрэгжиж байна. Энэ нь АНУ болон түүний холбоотнуудын ашиг сонирхолыг пуужин-цөмийн цохилтын аюул заналаас юуны түрүүнд Иранаас харваж болзошгүй пуужингийн аюул заналаас хамгаалах учиртай хэмээн америкчүүд баталж байна. Харин энэ аюул занал таамаг төдий юм. Пентагон Ираны цэргийн хүчин чадлын талаарх илтгэлийг энэ долоо хоногт Цагаан ордонд танилцуулжээ. Энэ илтгэлд Тегеран 2015 онд тив хоорондын баллистик пуужин бүтээж, харваж болзошгүй тухай дурджээ. Гэхдээ гадны оролцоотой ийм пуужин бүтээж магадгүй тухай цэргийн шинжээчид тэмдэглэв. Иранд ийм төлөвлөгөө байхгүй болохыг цэргийн шинжээчид хүлээн зөвшөөрсөн байна. Ираны цэргийн номлолд халдан түрэмгийлэх дайн дэгдээх тухай байхгүй бөгөөд цөмийн зэвсэг бүтээх магадлал нь Тегераны тогтоон барих бодлогын үндэс юм. Тэгэхлээр АНУ-д Европт пуужингийн систем байгуулах ямар хэрэгтэй вэ? гэдэг нь томоохон асуудал юм.
Орчуулсан Г.Нарангарав