Орос улсын Батлан хамгаалах яам хугацаат цэргийн алба хааж байгаа цэргүүдийг долоо хоногт 2 өдөр амараах, Зэвсэгт хүчний албадын нөхцлийг ерөнхийд нь “энэрэнгүй” болгох бодолтой байна. Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков Олон нийтийн танхимын гишүүдтэй уулзахдаа армийг шинэчлэх ийм санал тавьжээ. Батлан хамгаалах яамны тэргүүний саналыг иргэний байгууллагын төлөөлөгчид сайшаасан байна. Энэ ч ойлгомжтой: Эх орондоо зүтгэх үйл явцыг “хүмүүнлэг” болгох дурын үйлдлийг иргэд шүүмжлэх нь юу л бол. Цэргийн хүнд алба, хатуу дэг журамтай офицерын корпусынхан үүнд хэрхэн хандах нь өөр хэрэг. Ямартай ч ойрын үед цэргүүд иргэдийн адил долоо хоногт хоёр өдөр амарч, цэргийн бус байгууллага тэдний хоол ундыг бэлтгэнэ. Тэд сууц, цэргийн ангийн нутаг дэвсгэрийг цэвэрлэнэ. Армийг шинэчлэхийн тулд ийнхүү эрс өөрчлөх гэж байна. Цэргүүд жил алба хаахдаа бие бялдараа хөгжүүлэх, сурах, зэвсэг, техникээ эзэмших хангалттай хугацаа, боломжтой байх ёстой. Ингэсэн тохиолдолд тэд жинхэнэ дайчин, цэрэг аж ахуйн “нэгж” байхаа болино. Арми, олон нийтийн хоронд үр нөлөөтэй харилцаа тогтосныг батлан хамгаалахын сайдын санал гэрчилж байна гэж Олон нийтийн тэнхимийн нийгмийн асуудал, хүн ам зүйн хөгжлийн асуудал эрхэлсэн комиссийн тэргүүн Елена Николаевна хэллээ. Сайд бидний тавьсан бүх тэр дундаа хурц асуултанд тодорхой хариулсан. Тухайлбал тэрээр цэргийн албаны хугацааг өөрчлөхгүй гэсэн юм. Бага насны хүүхэд, нас дээр гарсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд асран хамгаалдаг залуусын цэргийн алба хаах хугацааг хойшлуулах чухал асуудал байсан. Энэ асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй гэдэгт сайд санал нэг байв. Хугацаат цэргийн алба хааж байгаа цэрэг хамаатан садан, ойр дотны хүмүүс, олон нийтийн байгууллагын төлөөлөгчидтэй холбогдох боломжтой байх ёстой талаар бид ярилаа. Цэрэг оршин суудаг газартаа хамгийн ойр алба хаахаар цэрэг татах ажлыг зохион байгуулахыг сайд санал болгов. Арми оны ялгаагаар дэглэх гэсэн хуучны хөндүүр асуудлыг шийдэх хэрэгтэй. Зэвсэгт хүчний ёс суртахууны уур амьсгалыг өөрчилж, цэргийн албан хаагчдад тавих хяналтыг нэмэгдүүлснээр үүнийг шийдэнэ. Цэргийнхний материаллаг урамшлууллын тухайд үүнийг сургуулиас эхлэн нэвтрүүлж байна. Батлан хамгаалах яамны удирдлага 2009 оны 12-р сараас шалгалт, шүүлгээ “онц” өгсөн цэргийн их сургууль, академийн сонсогчдод 100 мянган рубль өгөхөөр шийджээ. Цэргийн ангиудад мөн үүнийг хэрэгжүүлсэн байна. Гэхдээ энэ сул талтай. Цэргийн албан хаагчдыг материаллаг байдлаар урамшуулахад дээд зэргийн нээлттэй, хяналттай байх ёстой гэдэг нь ойлгомжтой. Харин “шилдэг” гэсэн ангилалд багтаагүй офицеруудын орлого зохистой байх учиртай. Одоохондоо тийм биш байна. Бодит бус шалтгаанаар “шилдэг” гэсэн ангилалд багтсан офицерууд их хэмжээний мөнгөн шагнал авах болсонд ажил нэгт нөхөд нь дургүйцэж, улмаар зөрчил мөргөлдөөнд хүрсэн тохиолдол байгаа. Зэвсэгт хүчин энэ мэт үйл явдлаас ангижирах ёстой. Тэгвэл армийн мэргэжлийн төдийгүй нийгмийн сайн сайхан байдлын тухай ярих боломжтой болно.
Орчуулсан Г.Нарангарав