Румыний засгийн газар улс орны үндсэн хуулийг өөрчилж байна. Холбогдох хуулийн төслийг ерөнхийлөгч Траяну Бэсескуд батлуулахаар өгсөн бөгөөд тэрээр үүнийг парламентад хэлэлцүүлэхээр өгэнө. Одоо хоёр танхимтай парламентыг нэг танхимтай болгохоор үндсэн хуулийн төсөлд тусгажээ. Сенатыг татан буулгаж, доод танхимыг төлөөлөгчдийн танхим хэмээн нэрлэж, парламентын гишүүдийн тоог цөөлөхөөр баримт бичигт тусгасан тухай ИТАР-ТАСС агентлаг уламжлав. Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулах зэрэг асуудлаар парламентын эрхийг хязгаарлах нь хуулийн төслийн бас нэг чухал зүйл юм. Тэгэхлээр парламентын гишүүд бус үндсэн хуулийн шүүх эцсийн шийдвэр гаргана. Бэсескийн санаачилж, Ардчилсан-либераль нам дэмжсэн энэ баримт бичгийг Румыний янз бүрийн нам эрс шүүмжилсэн билээ. Хуулийн төслийн талаар нэлээд ширүүн хэлэлцүүлэг болж магадгүй байна.