ОХУ-ын Хар далайн флотыг Севастопольд байлгах тухай хэлэлцээрийг батлах асуудлыг Орос улсын Улсын Дум болон Украины Дээд Радад нэгэн зэрэг хэлэлцэнэ. Орос улсын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова сэтгүүлчдэд энэ тухай уламжлав. "Энэ асуудлыг ирэх долоо хоногт буюу 4-р сарын 27-нд нэгэн зэрэг хэлэлцэнэ" гэж тэрээр хэллээ. "Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Украины ерөнхийлөгч Виктор Янукович нар Харьковт яриа хэлэлцээ хийх үеэр энэ талаар тохиролцсон" гэж Тимакова нэмж хэлэв. Оросын Хар далайн флот Крымд 2017 оноос хойш 25 жил байхаар баримт бичигт тусгажээ. Украины судалгаанд оролцсон оршин суугчдын 60 гаруй хувь нь Оросын хар далайн флотын Крымд байх хугацааг сунгахыг нааштай үнэлжээ. "Research and Branding Group" компанийн гуравдугаар сард явуулсан санал асуулгын дүн үүнийг гэрчилж байна. Үүний зэрэгцээ судалгаанд оролцсон хүмүүсийн 18 хувь нь Хар далайн флотыг ямар нэг болзолгүй Севастопольд байлгах хугацааг сунгахыг зөвшөөрөхөд бэлэн байна. Орос улс Украинд эдийн засгийн давуу тал эдлүүлсэн нөхцөлд үүнийг зөвшөөрнө гэж судалгаанд оролцсон хүмүүсийн 43 хувь нь хариулжээ. Мөн судалгаанд оролцсон хүмүүсийн 22 хувь нь Орос улс цэрэг-тэнгисийн баазаа хоёр талын гэрээнд зааснаар 2017 онд Севастополиоос гаргах хэрэгтэй гэжээ.
Орчуулсан Г.Нарангарав