Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Киргизд гарч байгаа дээрэм тонуултай холбогдуулан оросын иргэдийн аюулгүй байдлыг хангах, оросын объектыг хамгаалах арга хэмжээ авахыг Батлан хамгаалах яаманд үүрэг болгов.  ОХУ-ын олон нийтийн танхимын төлөөлөгчид Киргизийн засаг захиргаанаас мөн ийм арга хэмжээ авахыг хүссэн юм. Тус бүгд найрамдах улсад болж байгаа үйл явдлын дүнд орос гаралтай оршин суугчид олныг хамарсан үймээнд хохирч байгаад тэд түгшиж байна. Тэдний олонх нь дээрэмчдийн хөлд хохирчээ. Сөрөг хүчин Бакиевийн дэглэмийг нураахаар төрийн эргэлт хийсэн өдрүүдэд дээрэмчид хувьсгалыг далимдуулахаар шийджээ. Улс төрийн ноогдол ашигт цадахгүй гэж үзсэн хэдэн зуун киргиз иргэн мод, шийдэм барьж  Бишкекийн захад орших байшин, газрыг булаахаар явжээ. Тэд замдаа таарсан дэлгүүр, машиныг бүгдийг цөлбөж, эвдэж сүйтгэж байв. Энэ дүүрэгт голдуу оршин суудаг орос үндэстнүүд хохирчээ. Киргизд оросын эсрэг үзэл байгаа юм биш. Улс оронд болж байгаа эмх замбараагүй байдал орос эсвэл үндэстний цөөнхийн эсрэг чиглээгүй. Чинээлэг, мөн хамгаалалтгүй нэгнийг дээрэмдэж байна. Түүхэнд харь үндэстэн дээрэм, тонуулд өртдөг. Үр ашигтай бодлого сангийн ерөнхий захирал Кирилл Танаев ярьж байна. Киргизийн жижиг, дунд бизнес үндсэндээ өөр үндэстнүүдийн мэдэлд байдаг. Тус бүгд найрамдах улс тусгаар тогтносны дараа уугуул үндэстнүүд төрийн алба хаших болсон. Харин славян гаралтай иргэд жижиг, дунд бизнесийн салбарт шахагджээ. Бишкект л гэхэд лангуу, жижиг дэлгүүр орос үндэстэн эсвэл орос гаралтай үндэстний мэдэлд байгаа. Тэгэхлээр замд таарсан бүхнийг сүйтгэж байгаа олны хөлд голдуу орос үндэстнүүдийн объект өртөж байна. Улангассан олон орос гаралтай иргэдийн эсрэг санаа бодол агуулаагүй. Тэдний дотор дэлгүүр, лангуугаа өөрөө хамгаалах гэж оролдоод хүнд шархадсан хүмүүс байна. Хоёр хүн үрэгдсэн тухай мэдээлсэн ч, оросын иргэд эсэхийг албан ёсоор батлаагүй байна. Тус улсын киргиз бус үндэстэн ч бай иргэдийг хамгаалах хариуцлагыг засгийн газар үүрэх ёстой. Одоохондоо түр засгийн газар нөхцөл байдлыг хянах чадалгүй байна. Киргизийн түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаева орос гаралтай иргэдийг хамгаалах шаардлагын хариуд түр тэвчихийг хүсчээ. Тус улсад дээрэм тонуул урьд байсан, засаг захиргаа үүнийг аажмаар шийдэж байна. Хууль дүрэмгүй үе өнгөрч, энэ удаа дээрэмчдэд хатуу цохилт өгнө. Роза Отунбаева иргэдийн аюулгүй байдал, өмч хөрөнгөнд халдаж байгаа этгээдүүдэд гал нээхийг хүчнийхэнд үүрэг болгожээ.
Орчуулсан Г.Нарангарав