Орос улс пуужингийн довтолгооноос хамгаалах системийн талаар яриа хэлэлцээ хийхийг сонирхож байгаа тухай НАТО тэмдэглэв. НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Брюссельд болсон хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдлээ. Манай улс төрийн тоймч Виктор Еникеев сэдвийг үргэлжлүүлж байна. Орос улс пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах үйлсэд НАТО-тай хамтран ажиллахад бэлэн гэх НАТО-ийн удирдагчийн урьд хэлсэн үгнээс үүнийг тодруулах хэрэгтэй. Ванкуверээс өгсүүлээд Владивосток хүртлэх нийт орон зайд “аюулгүй байдлын нийтийн дээвэр” болох тийм системийн тухай өгүүлж байна. Пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах үйлсэд Москва НАТО-тай хамтран ажиллах нааштай санаа бодлыг НАТО онцолсон нь баярлууштай. Энэ өчигдөр, өнөөдөр ч тэр тодорхой болсон юм биш ээ. В.Путин Орос улсын ерөнхийлөгч байхдаа АНУ, НАТО-д нэлээд дорвитой санал тавьсныг сануулъяа. Эхлээд пуужингийн бодит, мөн болзошгүй аюул заналыг хамтран судлаад, дараа нь үүнд хэрхэн хариулахаа шийдэе гэсэн юм. Тухайн үед Москва болон Брюссельд мэдээллийн төв байгуулах санаа дэвшүүлж байжээ. Үүнээс гадна Москва Азербайжанд түрээсэлдэг Армавир, мөн Габалин дахь оросын радиолокацийн станцыг хамтран ашиглах санал тавьсан юм. Оросын энэ саналд Вашингтон, Брюсселийн аль нь ч өнөө хир тодорхой,ойлгомжтой хариулаагүй байна. Орос, НАТО-ийн пуужингийн довтолгооноос хамгаалах боломжийг уялдуулах нь техникийн болоод цэргийн байр сууринаас үзэхэд маш нарийн, амаргүй хэрэг болохыг хүлээн зөвшөөрч байна. Талууд тус бүрийн үндэсний аюулгүй байдлыг хангадаг хүнд, нууц системийн тухай ярьж байна. АНУ Европт хязгаарлагдмал, бүс нутгийн пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах бодолтой байгаа эсвэл энэ нь дэлхийг хамарсан системийн нэг хэсэг байх эсэхийг тодруулах нь Москвад нэн чухал юм. Энэ систем Орос, АНУ-ын хүчний стратегийн тэнцвэрт байдлыг эвдэж болзошгүй эсэхийг мэдэх хэрэгтэй байна. АНУ, НАТО европын бүс нутагт газар, тэнгис, сансарт байрлах ямар хэрэгсэл байрлуулах бодолтой байгаа, үүнийг байлдааны ямар блокоор тоноглохыг бүрэн тодруулах шаардлагатай байна. Оросын парламентын доод танхимын гишүүн, академич Андрей Кокошин үүнд анхаарал хандуулж байна. Тэрээр ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа, Орос, АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах асуудлаар удаан ярилцана хэмээн хэлсэн юм. Тийм ч бололтой. Үүнд улс төрийн шийдвэр тэргүүн зэргийн ач холбогдолтой байна. Замд гарсан бол үүнийг туулна. Прага хотод гарын үсэг зурсан Стратегийн давшилтын зэвсгийн талаарх шинэ хэлэлцээрийг хуруу дарам хугацаанд боловсруулна гэж хэн санах билээ? Энэ хэрэг болоод Орос, АНУ-ын харилцаанд илэрч байгаа харилцан итгэх, таатай шинэ уур амьсгал нь пуужингийн довтолгооноос хамгаалах хамтарсан систем байгуулахад талууд харилцан үр ашигтай хамтран ажиллах таатай урьтал нөхцлийг Орос, НАТО бүрдүүлж байна. Энэ Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев боловсруулж, АНУ, НАТО-д гарын үсэг зурахыг санал болгож байгаа евроатлантын аюулгүй байдлын тухай шинэ хэлэлцээрийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох боломжтой. Манай улс төрийн тоймч Виктор Еникеевийн тайлбарыг хүргэлээ.
Орчуулсан Г.Нарангарв