4-р сарын 10-нд онгоцны сүйрэлд амь үрэгдсэн Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский түүний гэргий Мария болон польшийн нэрт зүтгэлтнүүдтэй Польш улс болон дэлхий дахин салах ёс гүйцэтгэж байна. Польшийн төрийн тэргүүнийг сүүлчийн замд нь үдэх хүсэлтэй байгаагаа Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Германы ерөнхийлөгч болон канцлер Хорст Келер, Ангела Меркель, бусад улсуудын удирдагчид илэрхийлсэн билээ. Харин Исландын галт уулын дэлбэрэлтээс болж Европын агаарын зам хаагдсан учир олон улс орны тэргүүнүүдийн төлөвлөгөөг өөрчиллөө. Хэдхэн хормын дотор Польш улс, төрийн тэргүүн, цэргийн дээд тушаалын бүх офицерууд болон төрийн олон зүтгэлтнүүдээ харамсалтайгаар алдлаа. Варшаваас, Смоленск нисэж байсан Ту-154 онгоц буух үедээ сүйрсэн билээ. Онгоцонд 96 хүн байсан бөгөөд нэг ч хүн амьд гараагүй юм.
Тэр өглөө Смоленск мужид өтгөн манантай байсан бөгөөд нислэгийг удирдах газрын албаныхан цаг агаар муу байгааг анхааруулж Москва юм уу, Минскд буухыг санал болгосон байна. Харин нисэгчид Смоленскд буухаар шийджээ. Буух үедээ онгоц модны орой шүргэж газар унасан билээ. Байдлаас харахад нисэгчид хүчээ хэтрүүлэн үнэлсэн бололтой гэж «Взлет» сэтгүүлийн ерөнхий редактор Андрей Фомин үзэж байна: Нислэгийн бүх хариуцлагыг газрын диспетчер биш яг багын ахлагч хариуцдаг юм. Буух шийдвэрийг тэр л гаргасан байгаа. Нөөц буудалд буу гэсэн сануулгыг үл тоон боломжгүй зуйлийг болгоно гэж экипаж үзсэн бололтой гэлээ. Сүйрэл болсон газар оросын аврагчид болон криминалистууд шууд ирсэн билээ. Польшийн тал ч өөрийн мөрдөн шалгах ажлыг зэрэг эхлэсэн юм. «Хар хайрцаг» харьцангуй бүтэн үлдсэн, онгоцны хэсгүүдийн тарж цацагдсан радиус бага байсан зэрэг нь мөрдөх ажил явуулахад дөхөмтэй байсан. Багын гишүүдийн буруу гэсэн урьдчилсан дүн гарсан. Сүйрэл болсон газар мэргэжилтнүүд 6 өдөр ажилласан билээ. Польшийн ерөнхийлөгчийн цогцсыг шууд таньсан байна. Түүний цогцсыг ёс төртөйгөөр, тусгай онгоцоор Варшавт тэр даруй хүргэсэн юм. Бусад хүмүүсийн цогцсыг таниулахын тулд Москвад авч ирсэн билээ. Сүйрэлд амь үрэгдсэн хүмүүсийн төрөл төрөгсөдөд олгох визийн журмыг Орос улсын ГХЯ маш хөнгөвчилсөн юм. Тэдний буудлын зардал, эмнэлэгийн тусламж, орчуулагч авах зэрэгт гарсан бүх зардлыг Москва хотын засгийн газар дааж авсан байна.
Орос, Польшийн ард түмнийг ойртуулсан энэ нийтийн уй гашуу, тус 2 улсуудын харилцааг бүрхэгдүүлж байсан бэртэгчин, атгаг санааг арилгахад тус дөхөм боллоо гэж ОХУ-ын ГХЯ-ны сайдын орлогч Сергей Рябков үзэж байна. Энэ эмгэнэлт явдал, сүүлийн үед зөв даялалд ороод байгаа манай 2 улсын харилцаанд битгий муу нөлөө үзүүлэхгүй гэж бид найдаж байна. Польшийн ард түмэн тэр дундаа төрөл төрөгсөдөө алдсан хүмүүсийн уй гашууг хуваалцахыг л хүсэж байна. Польшийн сөрөг хүчин болон эрх барьж байгаа хүчин, манай 2 орны харилцааг цаашид хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа гэдэгт бид найдаж байна. Ерөнхийлөгчийн үлдээсэн өвийг бас харгалзан үзэх биз ээ! гэлээ. Лех Качиньский тэргүүтэй польшийн төлөөлгөчид Смоленскийн ойролцоох Катынийн оршуулгын газарт болох эмгэнэлийн үйл ажиллгаанд оролцох байсан юм. Энд 1940 онд буудаж хороогдсон польшийн офицеруудыг оршуулсан юм. Лех Качиньский олон жил Катынийн талаар нилээд хатуу бодлого баримтлаж байсан билээ. Энэ байдал нь Москва, Варшавын харилцаанд нөлөөлж байсан. Харин амь үрэгдэхээсээ өмнөхөн тэр өөрийнхөө байр суурийг өөрчилсөн юм. Буудаж хороогдсон польшийн офицеруудын гэгээн дурсгалд зориулсан ажиллагаан дээр, бурхан болсон ерөнхийлөгч: «Катынь польшийн түүхийн гүн шарх байж олон арван жилийн туршид орос, польшуудын харилцааг хордуулж ирлээ. Катынийн шархыг бүр мөсөн аниулах ажлыг хийцгээе! Бид зөв зам дээр байна. Бид польшууд, оросуудын сүүлийн үед хийсэн бүхнийг үнэлэн цэгнэж байна. Бид ийм замаар ард түмнээ ойртуулж, эргэж харалгүйгээр, зогсолтгүйгээр зөвхөн урагшаагаа явах ёстой» гэж хэлэх ёстой байжээ. Энэ үгээ тэр бүхэнд сонсгож чадсангүй ээ! Польшийн төрийн тэргүүний энэ уриаг бүгд мэдэрч байна. Өнөөдөр оросууд Польшийн ард түмний адил эмгэнэн гашуудаж байна.