Эрхэм анд нөхөд өө, “Оросын дуу хоолой” радио та бүхний анхааралд “Сибирь болон Алс Дорнодоор” шинэ нэвтрүүлгээ хүргэж байна. Энэ нэвтрүүлгийг манай радиогийн эфирээр сард гурван удаа ням гаригт дамжуулна. Харин сарын сүүлийн ням гаригт та бүхэн хөгжмийн нэвтрүүлэг сонсоорой.
Одоо Сибирь болон Алс Дорнодоор анхны нэвтрүүлгээ хүргэе.
Өнөөдөр нэвтрүүлэгт:
-Бүс нутгийн мэдээ
-Алс Дорнодын бүс нутгийг 2050 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал
- Нийгмийн чухал төсөл- Орос улсын Дорно зүгт холбооны их сургууль байгуулах тухай
- Хөгжмийн хуудас: Хабаровскийн хязгаарын филармонид болох концерт тухай өгүүлнэ.
“Сахалин-Хабаровск-Владивосток” хийн 395 км хоолой тавилаа. Оросын аж ахуйн нэгжүүд бараг 600 км хоолой тавина. Примор, Хабаровскийн хязгаар, Сахалин мужид хийн үндсэн хоолой тавихын зэрэгцээ тосгонуудын хооронд хийн хоолой тавьж, хэрэглэгчдэд хий нийлүүлэхэд бэлтгэж байна. “Сахалин-Хабаровск-Владивосток” хийн хоолойн барилгын ажилд оролцож байгаа бүх хүн Орос улсын Алс Дорнодод хий хэрэглэж, нийлүүлэх объектын стратегийн ач холбогдлыг ухаарч байна. Тиймээс тэд бүх хүчээ дайчлан хөдөлмөрлөж байна.
Орос, Монгол улс нисэх онгоцны ослын үед хайгуул-аврах ажиллагаагаа уялдуулна. Хоёр орны мэргэжилтнүүд Новосибирск хотод хамтарсан сургалтын төлөвлөгөөг хэлэлцжээ. Ойрын 30 жил олон улсын ийм сургалт болоогүй юм. Сургалтыг 6-р сард Уулын Алтай, агаарын олон зам өнгөрдөг, очиход бэрх хил орчмын нутаг дэвсгэрт зохион явуулна. Орос, Монголын нисэх онгоцны аврагчид зохиомлоор осолдсон бага оврын нисэх онгоцны багийн гишүүдийг эрж, хайна. Росаэронавигац компани хожмоо Казахстан, Хятад зэрэг хөрш зэргэлдээ орнуудтай ийм сургалт зохион явуулахаар төлөвлөж байна. Харин орос-монголын сургуулилтыг одооноос жил бүр хоёр улсад зохион явуулна.
Оросын хамгийн дорно зүгийн нутаг Камчаткийн хязгаар, Чукотын автономит тойрог энэ оны 3-р сарын 28-аас цагийн 10 дахь бүст багтана. Москва болон Алс Дорнодын энэ хоёр бүс нутгийн цагийн зөрүү 9-өөс 8 цаг хүртэл багасчээ. Зуны цагт шилжилгүй цагийн шинэ бүст шууд шилжсэн байна. Камчаткийн хязгаарын хууль тогтоох хурлын депутатууд тус хязгаарыг цагийн 11-ээс 10 дахь бүст шилжүүлэхийг Оросын засгийн газраас хүссэн юм. Москватай цагийн зөрүүг багасгаснаар холбооны байгууллагатай илүү шуурхай холбоо тогтоож, ажлын бүтээмжийг дээшлүүлнэ гэж тэд үзэж байна. Үүнээс гадна тус хойгийн оршин суугчид эх газар суугаа хамаатан садантайгаа утсаар ярих илүү боломж бүрдэнэ гэж тус хязгаарын Хууль тогтоох хурлын дарга Борис Невзоров мэдэгдэв.
Камчаткаас бас нэг мэдээ байна.
Камчаткад зохион явуулсан “Берингия” нохойтой чаргын уралдаанд оролцогчид тус хойгийн цасанд хучигдсан уудам нутгаар 950 км зам туулжээ. Уралдааны замын маршрут нийт 15 үе шаттай байлаа. Камчаткийн нийт нутгаар төв хэсэг хүртэл үргэлжилдэг Средин уулны нурууны Карагины даваа туулахад хамгийн аюултай, хүнд байв. Уралдааны хамгийн хүнд үе эхлэхийн өмнө тамирчид лам Аркадийн арванайлсан үнэн алдартны шашны модон загалмай бэлтгэжээ. Тамирчид загалмайг далайн түвшнээс 1,2 км өндөрт оршдог “Берингии” маршрут өнгөрдөг тус давааны хамгийн өндөр цэгт зоосон юм. 
Петропавловскийн ПУ-29 сургууль болон Монгол улсын Сүхбаатар хотын мэргэжлийн сургуулийн хооронд байгуулсан ажил хэргийн болон уран бүтээлийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ардын хөгжмийн зэмсгийн хамтлагийнхан Монгол улсад иржээ. Энэ хоёр сургууль хөдөө аж ахуй, нийтийн хоол, худалдаа зэрэг ижил төстэй мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг юм. Тус хамтлагийнхан орос ардын болон эстрадын, буриад, монгол дуу, хөгжмийн зэмсгийн бүтээлийг монголчуудад хүргэжээ. Монгол анд нөхөд элэгсэг дотно хүлээж авсанд Петропавловскийн сургуулийнхан өндөр сэтгэгдэлтэй байна. Оросын уран бүтээлчид Сүхбаатар аймгийн залуу авьяастнуудтай хамт Дархан хотын мэргэжлийн сургуульд мөн концерт тогложээ. Концертын төгсгөлд “Катюша” дуу дуулахад танхимд суусан үзэгчид тэднийг түрэн дуулж байлаа.
Та бүхэнд бүс нутгийн мэдээ хүргэлээ. 
“Сибирь болон Алс Дорнодоор” нэвтрүүлэг үргэлжилж байна.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, мөн Алс Дорнодын холбооны тойрог дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Виктор Ишаев нарын ажлын уулзалт болов. Орос улсын Алс Дорнодын нийгэм-эдийн засгийн байдлыг хэлэлцэж, бүрэн эрхт төлөөлөгч “Алс Дорнодын бүс нутгийг 2050 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлалыг” боловсруулах санал тавьсан байна. Наталья Васильева дэлгэрэнгүйг хүргэнэ. 
Дэлхийн санхүү эдийн засгийн хямарал тус бүс нутгийг тойрсонгүй. Орос улсын Алс Дорнодын нутаг, алс дорнодын эдийн засаг бүхэлдээ хямарлыг тэсч, цаашид хөгжсөөр байна. Виктор Ишаев бүс нутгийн хөгжлийн ирээдүй, ололт амжилтын талаар ерөнхийлөгчид танилцууллаа. 
Бид 2009 оноо нааштай үзүүлэлтээр үдсэн. Сайн үзүүлэлт тохиолдлынх биш болохыг 2010 оны хоёр сарын ажлын үр дүн харуулж байна гэж Виктор Ишаев хэллээ. Хамгийн гол нь эдийн засгийн олборлох, боловсруулах салбарт, мөн ачаа тээвэрлэхэд өсөлт гарсан. Сүүлчийн үзүүлэлт улс орны эдийн засгийг бүхэлд нь тодорхойлж байна. Владивосток хотод 2012 онд Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтыг зохион явуулах бэлтгэл ажлын хүрээнд объект барьж байгуулах, Орос улсад анх удаа байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэрийг Сахалинд байгуулах, мөн Амур муж болон Якутад “Дорно Сибирь-Номхон далай” нефть хоолой барих зэрэг хөрөнгө оруулалтын томоохон төслийг улсаас дэмжисний ачаар манай тойрог ийм үр дүнд хүрсэн. Үүнээс гадна Чукотын автономит тойрогт алт олборлолт нэмэгдэж, алмас эрдэнэ олборлох шинэ уурхай нээж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Орос улсын Алс Дорнодыг урт хугацаанд 2050 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлалыг боловсруулах саналыг дэмжсэн тухай Виктор Ишаев мөн уламжлав. Өнөөгийн байдлаар Алс дорнодын бүс нутгийг 2018 болон 2025 он хүртэл хөгжүүлэх тэргүүн зэргийн зорилт тодорхой байна. Мэдээж хэрэг илүү урт хугацаанд 2050 он хүртэл асуудлыг боловсруулах сонирхолтой байна. Алс Дорнодын бүс нутгийн мэргэжилтнүүд, Оросын шинжлэх ухаан академи, Эдийн засгийн хөгжлийн яамны ажилтнууд энэ ажилд оролцоно.
Ерөнхийлөгч Д.Медведев энэ зун Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх зөвлөлгөөн болох Владивосток хотод очихоор төлөвлөж байна. Энэ үеэр объектын барилгын ажлаас гадна олон улсын энэ арга хэмжээний агуулгыг хэлэлцэнэ. Орос улсын Алс Дорнодыг 2050 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлалыг Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад танилцуулахаар төлөвлөж байна. Орос улсын тус бүс нутгийн урт хугацааны ирээдүйг уулзалтад оролцогчдод танилцуулж, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын орнуудтай ойрын 10 жилд хамтран ажиллах боломжийг хэлэлцэнэ. Хөрөнгө оруулагчид энэ үзэл баримтлалд тулгуурлан Оросын Алс Дорнодын хөрөнгө оруулалтын төсөлд хэрхэн оролцохоо тодорхойлох юм. 
“Сибирь болон Алс Дорнодоор” нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна.
Орос улсын Алс Дорнодыг хөгжүүлэхэд чухал нийгмийн төслийн нэг нь Алс Дорнодын тойрогт холбооны их сургуулиуд байгуулах явдал юм.  “Боловсрол” үндэсний тэргүүн зэргийн төслийн хүрээнд Орос улсад хоёр жилийн өмнө анхны холбооны их сургуулиудыг байгуулжээ. Бүс нутагтаа үйл ажиллагаа явуулж, инновцийн хөгжилд нь нэмэр болох зорилготой холбооны их сургуулиудыг Өмнөд болон Сибирийн холбооны тойргуудад байгуулсан юм. Энэ их сургуулиудын бүрэлдэхүүнд дээд сургуулиудаас гадна эрдэм шинжилгээний байгууллага, Оросын шинжлэх ухаан академийн бүс нутгийн салбар байгууллага багтаж байна. Ийм их сургуулиудын ач холбогдол Алс Дорнодод онц чухал хэмээн Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын салбарын эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал, академич Павел Минакир тэмдэглэв.
Манай Алс Дорнододыг хариуцсан сурвалжлагчид тэрээр ийнхүү ярьжээ. 
Алс Дорнодын холбооны тойргийн нутаг дэвсгэрт холбооны хоёр их сургууль байгуулна. Тухайлал Алс Дорнодын улсын их сургуулийн баазад түшиглэн Владивосток хотод нэг, Амосовын нэрэмжит Якутын улсын их сургуулийн баазад түшиглэн хоёр дахь их сургуулийг байгуулна. Энэ их сургуулиудад бүс нутгийн онцлогийг харгалзсан мэргэжлээр боловсон хүчин бэлтгэнэ.
Дэлхийн далайн нөөцийг эзэмших инновацийн технологи, нано болон биотехнологи, орос хэл, оросын соёлыг түгээн дэлгэрүүлэх, Ази Номхон далайн бүс нутагт оросын дээд боловсрол шинжлэх ухаан, дорно дахины судлалыг хөгжүүлэх, Бизнесийн олон улсын сургууль байгуулах зэрэг нь Алс Дорнодын холбооны их сургуулийн тэргүүн зэргийн чиглэл байна. Алс Дорнодын Холбооны их сургуульд физик математик, байгалийн шинжлэх ухааны 19 мэргэжлээр, техник, технологийн 25, эрүүл мэндийн 6, хүмүүнлэг болон нийгмийн ухааны 26, эдийн засаг, удирдлагын 16, боловсрол, сурган хүмүүжүүлэх 24, соёл урлаг, үйлчилгээний салбарын 14 мэргэжлээр тус тус боловсон хүчин бэлтгэнэ.
Хойд-Дорнод холбооны их сургуулийн тэргүүн зэргийн чиглэл нь экологийн аюулгүй байдал, эрдэс-түүхий эдийн баазыг технологийн хувьд үр ашигтай хөгжүүлэх, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, Хойд нутгийн нөхцөлд шинжлэх ухааны ололттой технологи, үйлдвэрлэл нэвтрүүлэх, Хойд нутгийн амьдралын чанар, Арктикийн ард түмнийг хөгжүүлж, хэвээр хадгалах, Орос улсын Зүүн хойд нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхэд харилцаа холбоо болон задлан шинжилгээ хийсэн мэдээллийг хангах зэрэг байна. Холбооны хоёр их сургуульд нефть, хий тандах, далай, галт уулыг судлах зэрэг мэргэжлээр Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад мэргэжилтэн бэлтгэнэ. Орос, Япон, хоёр Солонгос, Монгол улс, Хятад, Ази Номхон далайн бүс нутгийн бусад оронд ийм мэргэжилтэн хэрэгтэй байна гэж Павел Минакир хэллээ.
Нэвтрүүлгээ хөгжмийн хуудсаар өндөрлөе. Бид та бүхнийг Алс Дорнодын симфони найрал хөгжмийн концертод урьж байна.
Хабаровскийн хязгаарын филармонийн танхимд хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховены № 4 соль мажор төгөлдөр хуур, найрал хөгжмийн концертыг тоглох гэж байна. Ер бусын яруу сайхан байдлаар ялгардаг хэмээн хөгжим судлаачид үздэг Бетховены бүтээлийг олон улсын уралдааны шагналтан, Санкт-Петербург хотын төгөлдөр хуурч Олег Вайнштейн, Алс Дорнодын симфони найрал хөгжмийн хамт тоглоно. 
Төгөлдөр хуурч Олег Вайнштейн Бетховены бүтээлд онцгой ханддаг. Тэрээр ийнхүү ярьж байна.
Хөгжмийн зохиолчийн уран бүтээлнд Бетховены 4-р концерт онцгой байр суурь эзэлдэг. Христос шашны симфони найрал хөгжим, № 10, 15 яруу сонатын зэрэгцээ найрал хөгжим, төгөлдөр хуурт зориулсан энэ концерт ховорхон гоо сайхнаар ялгардаг. Энэ концертыг тэр үеийн хөгжмийн зэмсэгт зориулж 1806 онд бичсэн ч, өнөө үед гайхалтай сайхан эгшиглэж байна. Концертыг үнэхээр гайхалтай зохиосон тул үүнийг тоглоход сэтгэл хангалуун байдаг. Алс Дорнодын симфони найрал хөгжмийн хамтлагтай хэд хэдэн удаа тоглох аз надад тохиосон гэж төгөлдөр хуурч үргэлжлүүлэн ярив. Сайхан хамт олон. Хөгжимчин бүр өөрсдийн гэсэн онцлогтой. Симфони найрал хөгжмийн хамтлагийг уран сайхны удирдаагч Виктор Тиц ахалж байхад би 2003 онд анх тус хамтлагтай хамт тоглосон. Уран сайхны удирдаач Виктор Тицийг өнгөрсний дараа тус хамтлагийн хүнд үед би Хабаровскт ирж мөн хамт тоглосон. Энэ удаа найрал хөгжмийн хамтлагийн хөгжмийн аялгуунд би их өндөр сэтгэгдэлтэй байна. Одоо найрал хөгжмийн хамтлагийг Санкт-Петербургийн консерваторийн төгсгөгч, залуу удирдаач Илья Дербилов тэргүүлж байна. Найрал хөгжмийн хамтлагийн хөгжимдөх ур чадвар байнга дээшилж, хүмүүс сайн хөгжимдсөн сайхан хөгжим сонсох боломжтой байна гэж Олег Вайнштейн хэллээ. Людвиг Ван Бетховены хөгжим дахин эгшиглэж байна. Гурав дахь “Баатарлаг” симфонийг Алс Дорнодын симфони найрал хөгжмийн хамтлаг хөгжимдсөнөөр хүргэж байна.  Алс Дорнодын симфони найрал хөгжмийн хамтлаг болон төгөлдөр хуурч Олег Вайнштайн нар хөгжмийн зохиолч Бетховены 240 жилийн ойд зориулж, 2 жил хамтарсан төсөл хэрэгжүүлнэ. Тэд Бетховены бүтээлийг тоглоно. 19-р зууны эхэнд бичсэн хөгжмийн энэ зохиолууд орчин үед ч гайхалтай хэвээр байна. Манай нэвтрүүлэг өндөрлөж байна. Эрхэм радио сонсогчид оо, бид та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөж, “Сибирь, Алс Дорнодоор” шинэ нэвтрүүлгийн талаар сэтгэгдлээ ирүүлнэ гэж найдаж байна.