Орос улсад 4-р сарын 15-аас 6-р сарын 5 хүртэл жил бүр зохион явуулдаг экологийн аюулаас хамгаалах өдрүүд бие даасан судалгааны шуугиан дэгдээсэн үр дүнгээр эхэллээ. Эрдэмтэд генетикийн өөрчлөлттэй организм нь хөхтөн амьтанд хортой болохыг тогтоожээ. Генетикийн өөрчлөлттэй тэжээлээр хооллож байсан амьтан гурав дахь үедээ төллөх чадваргүй болж байгааг судлаачид тогтоожээ. Кэмпбелл нэртэй хурдан үрждэг үхэр зусгийг хоёр жилийн турш хөдөө аж ахуйд өргөн ашигладаг, генийн өөрчлөлттэй ургамал янз бүрийн хувь агуулдаг буурцагаар тэжээжээ. Сербээс арайхийн олж авсан цэвэр буурцгаар хяналтын бүлэгт багтах үхэр зусгийг тэжээсэн байна. Өнөөгийн байдлаар дэлхийд нийт буурцгийг 95 хувь нь генийн өөрчлөлттэй юм. Сверцовын нэрэмжит Оросын шинжлэх ухаан академийн экологи, хувьслын асуудал эрхэлсэн хүрээлэн, генийн аюулгүй байдлын нийт үндэстний холбоо хамтран явуулсан туршилтын явцын талаар биологийн ухааны доктор Алексей Суров ийнхүү ярилаа: Бид энэ амьтныг хосоор нь тусдаа торонд хийж, байнга өгдөг ерөдийн тэжээл өгсөн. Нэг бүлгийн үхэр зусгийн тэжээлд бид юу ч нэмээгүй, нөгөө бүлгийн үхэр зусгийг генетикийн өөрчлөлттэй организм агуулаагүй буурцгаар тэжээж, гурав дахь бүлэгт багтах амьтныг генетикийн өөрчлөлттэй организм агуулсан тэжээлээр, дөрөв дэх бүлэгт генетикийн өөрчлөлттэй ургамал ихээр агуулсан тэжээл өгч байв. Дараа нь ямар өөрчлөлт гарахыг бид ажигласан. Үхэр зусгийг жигнэж, хэзээ төллөхийг ажисан. Эхлээд бүх зүйл хэвийн байсан. Тэдний зулзагыг хосоор нь байрлуулж мөн тэжээл өгөхөд, ноцтой нөлөө илэрсэн юм. Зулзага давжаарч, бэлгийн бойжилт удааширчээ. Тэднээс гарсан гурав дахь үеийг дахин хосоор нь торонд хийж мөн дээрхийн адил тэжээсэн. Генетикийн өөрчлөлттэй тэжээл өгч байсан тэр бүлгийн үхэр зусаг сүүлдээ хээл авахаа больсон. Тэд үр удмаа үлдээх чадваргүй болсон байлаа. Гурав дахь үеийн үхэр зусагт илэрсэн өөр нэг хачирхалтай үзэгдлийг эрдэмтэд одоохондоо генетикийн өөрчлөлттэй холбохгүй байна. Туршилтын амьтны амны хөндийд үс ургасныг эрдэмтэд хараахан тайлбарлаж мэдэхгүй байна. Генетикийн өөрчлөлттэй организм амьд организмд нэвтрэхдээ сүйтгэх программ ажиллуулдаг шалтгааныг судлаачид ойлгохгүй байна. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний хортой нөлөөг зөвхөн ганц аргаар арилгах боломжтой. Энэ бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй гэж эрдэмтэд дүгнэв. Тиймээс эрдэмтэд био аюулгүй байдлыг бүрэн шалгатал Орос улсад генийн өөрчлөлттэй организмыг хүнсний бүтээгдэхүүнд ашиглахыг түр хориглохыг санал болгож байна. Оросын эрдэмтдийн хийсэн туршилтын үр дүн Франц, Австрийн ажил нэгт нөхдийн ижил төстэй судалгааны дүнтэй давхцаж байсан юм. Тухайлбал Францад генийн өөрчлөлттэй эрдэнэ шиш хөхтөн амьтанд аюултай болохыг тогтоосны дараа үүнийг үйлдвэрлэж, худалдахыг тэр даруй хоригложээ. Хүний эрүүл мэндэд генийн өөрчлөлттэй организммын хор уршгийн талаар дүгнэлт хийхэд арай эртэдэнэ гэж судалгаа хийсэн хүмүүс үзэж байна. Дахин цуврал шинэ туршилт хийх шаардлагатай. Одоо Москва орчимд байгуулж байгаа “Сколково” инновацийн төвд “Аюулгүй генетикийн технологи” төсөл хэрэгжүүлэхийг тэд санал болгож байна.
Орчуулсан Г.Нарангарав