Хэдэн мянган км зайтай оршдог ч, хамтын ажиллагаанд энэ саад болохгүй. ОХУ-ын Свердловск муж болон Монгол улсын хамтын ажиллагаанд энэ бүрэн хамаатай. Дундад Уралд оршдог Орос улсын тус бүс нутаг, Монгол улс бүр зөвлөлтийн үеэс түншийн харилцаатай билээ. Манай бүс нутаг Монгол улстай хиллэдэггүй ч, бид энэ улстай эрт дээрээс нөхөрсөг, түншийн харилцаа тогтоосон гэж Свердловск мужийн Олон улс болон гадаад эдийн засгийн харилцааны сайд Александр Хормов ярьж байна. Уралын Улсын их сургууль, Уралын политехниийн их сургууль зэрэг тус мужийн засаг захиргааны төв Екатеринбург хотын их сургуулиуд олон жил монгол улсад мэргэжилтэн бэлтгэж байна. Өнөөгийн байдлаар манай их сургуулиудыг дүүргэсэн монголын олон мэргэжилтэн улс орныхоо улс төр, бизнесийн салбарт дээгүүр алба хашиж байна. Эрчим хүч, уул уурхай олборлох үйлдвэрлэл нь манай хамтын ажиллагааны тэргүүн зэргийн чиглэл билээ. Свердловск мужаас авсан машин угсрах бүтээгдэхүүн импортын бараг 40 хувийг эзэлж байгаа цөөн орны нэг Монгол улс байсан. Александр Хромов сүүлчийн өгүүлбэрээ өнгөрсөн цагт тохиолдлоор хэлээгүй ээ. Свердловск муж хоёр, гурван жилийн өмнө Монгол улстай хийдэг бараа эргэлтийн хэмжээгээр ОХУ-ын субъектудаас Эрхүү муж болон Буриад улсын дараа гуравдугаарт орж байсан юм. Түс бүс нутгийн энэ улстай тогтоосон харилцаанд дэлхийн санхүүгийн хямарал хүчтэй нөлөөлжээ. 2009 онд тус бүс нутаг болон монгол улсын хооронд бараа эргэлт бараг гурав дахин буурсан юм. Өдгөө Свердловск муж болон Монгол улс хамтын ажиллагааны урьд байсан хүрээг сэргээхэд бэлэн байна. Оросын тус бүс нутгийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид бүс нутаг болон уралын байгууллага, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг танилцуулж, Монгол улсын нийслэлд яриа хэлэлцээ хийхээр 4-р сарын 21-нд Улаанбаатар хотыг зорино. Свердловск муж Оросын аж үйлдвэр өндөр хөгжсөн бүс нутгийн нэг хэмээн Александр Хромов ярьж байна. Бид монголын түншүүдтэйгээ олон салбарт хамтран ажиллахад бэлэн. Тус муж ашигт малтмалын ордыг хамтран эзэмших, уул уурхайн компани, төмөр замыг шинэчлэх, монголын эрчим хүчний объект болон хоолойг өөрчлөхийг сонирхож байна. Свердловск муж өргөх-тээврийн бүтээгдэхүүнээс өгсүүлээд эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэг уралын үйлдвэрлэгчдийн машин угсрах бүтээгдэхүүнийг Монгол улсад нийлүүлэхэд бэлэн байна. Бид монголоос металлургт ашигладаг хайлуур жонш, мөн мах авах бодолтой байна.  Свердловск мужийн төлөөлөгчид Монгол улсыг зорихын өмнөхөн Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн Екатеринбургт очжээ. Тэрээр мужийн дарга Александр Мишаринтай уулзаж, Монгол улсын засгийн газрын баталсан 2010-2015 оны төслийн жагсаалтыг түүнд гардуулжээ. Төслийг хэрэгжүүлэхэд Свердловск муж оролцох боломжтой юм. Түшмэд, бизнес эрхлэгч, их дээд сургуулийн ректоруудаас гадна Екатеринбург хотын Уул уурхайн их сургуулийн хоёр монгол оюутан Баярсайхан, Ганбаатар нар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Монголын шинжлэх ухаан, боловсролын салбарын төлөөлөгчидтэй ажлын уулзалт хийх үеэр тэд орчуулна. Монголын түншүүдтэй яриа хэлэлцээ хийхэд монгол оюутнуудыг анх удаа орчуулагчаар ажиллуулж байна.
Г.Нарангарав
<сонсох>