Киргизийн түр засгийн газар улс төрийн системээ өөрчлөх бодолтой байна. Одоогоор үндсэн хуулиа эргэж харах ажил өрнөж байна. Үндсэн хуулийн төслийг 4-р сарын 19-нд бүх ард түмнээр хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Үндсэн хуулийн ерөнхийлөгч, парламент, төр засгийн гүйцэтгэх байгууллага, шүүх системтэй холбоотой тэр хэсгийг дахин боловсруулахаар төлөвлөжээ. Түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаева Киргиз парламентын засаглалтай бүгд найрамдах улс болохыг үгүйсгэхгүй байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дорвитой хязгаарлаж, парламент гүйцэтгэх засаглалд илүү хяналт тавих эрх олгох тухай ярьж байна. Шинэ засаг захиргаа үүгээр хязгаарлахгүй зургаан сарын дараа парламент болон ерөнхийлөгчийн сонгууль явуулах бодолтой байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Ян Кубиш Бишкекээс буцаж ирсний дараа ийнхүү мэдэгдсэн юм.
Киргизийн бодит байдлыг анхааралдаа авбал асуудлыг ийнхүү тавих нь учиртай. Бакиевийн дэглэм нийгэм-эдийн засгийн хөгжлийг хангаж чадаагүйн дээр авилга, отог омог, төр засгийн чухал албан тушаалд садан төрлийн хүмүүсээ томилсоноос ийнхүү нурсан юм. Энэ мэт үзэгдэлд цэг тавьж, хуулийг дээдлэх шаардлагатай байна. Энэ хэр боломжтой вэ? Стратегийн үнэлгээ, шинжилгээний хүрээлэнгийн ерөнхийлөгч Александр Коновалов ийм асуулт тавьж байна. Маш сайн үндсэн хуулийн төсөл боловсруулж болно. Гэхдээ үндэсний уламжлал, тогтсон зуршил, хүний харилцааны заншсан хэлбэрээр үүнийг хэрэгжүүлэхэд бэрх. Курманбек Бакиев ардчилсан уриа лоозонгоор засгийн эрхэнд гарсан. Нэг удирдагчийг нөгөөгөөр солих, өмнөх удирдагчийн гэр бүлийн гишүүдийн оронд талхны мөнгө олох янз бүрийн албан тушаалд өөрсдийн гэр бүлийн гишүүдийг томилохыг ардчилал хэмээн ойлгож байгаа бол ямар нэг зүйл хийхэд төвөгтэй. Энэ тус болох эсэхийг мэдэхгүй ч, үндсэн хуульд өөрчлөлт оруулж, удирдагчийн эрх мэдлийг хязгаарлах оролдлого нь ямар нэг байдлаар урагш алхаж байгаа хэрэг юм. Улс төрийн шинэчлэл нь Киргизийн шинэ засаг захиргааны үйл ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Харин өнөөгийн Киргизд эдийн засаг, нийгэмд анхаарал хандуулах ёстой мундахгүй их бэрхшээлтэй асуудал байна. Шинэ удирдлагад хандах хандлага ард түмний аж байдлыг дээшлүүлж чадах эсэхээс ихээхэн хамаарна.
Орчуулсан Г.Нарангарав