БРИК-ийн бүлгийн орнуудын удирдагчид Бразилийн нийслэлд хямарлын үр дагаврыг даван туулах, “хорийн бүлгийн” уулзалтад бэлтгэх, банк хоорондын нэгдсэн систем байгуулах асуудлыг хэлэлцлээ. Энэ бүлэгт Бразил, Орос, Энэтхэг, Хятад улс багтдаг юм. Талууд дээд зэргийн технологи, инновацийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан худалдаанд үндэсний валют ашиглах асуудлыг боловсруулахаар тохиролцжээ. Дээд хэмжээний уулзалтаар цөмийн аюулгүй байдал, терроризмтай тэмцэх асуудлыг мөн хэлэлцсэн байна. БРИК-ийн орнууд дэлхийг хамарсан сорилыг шийдэхэд нэгдсэн байр суурьтай байна гэж Д.Медведев хэллээ. БРИК-ийн дараагийн дээд хэмжээний уулзалт 2011 онд Хятад улсад болно.