ОХУ, АНУ, БНХАУ, Их Британи, Франц, Герман зэрэг Ираны цөмийн асуудлыг хэлэлцэж байгаа “зургаагийн”орны НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчид пүрэв гаригт Тегераны эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тогтоолын төслийг гурав дахь удаагийн зөвлөлгөөнөөр хэлэлцэв. Орос улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газар энэ тухай мэдэгдэв. “Зургаагийн” орнууд хоёр дахь шатны зөвлөлгөөнөөр АНУ-ын санал болгосон тогтоолын төслийн эхийн үндсийг хэлэлцсэнээс хойш нэг хоногийн дараа гурав дахь зөвлөлгөөн болов. Зөвлөлгөөн үргэлжилнэ гэж Оросын төлөөлөгчийн газар тэмдэглэллээ. Дипломатчид уулзлтын үр дүнгийн талаар тайлбар хийсэнгүй. Иран энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нэрийдлээр цөмийн зэвсэг бүтээж байна хэмээн өрнөдийнхөн сэжиглэж, тус улсын эсрэг шинээр хориг арга хэмжээ авахыг шаардаж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өмнөх жилүүдэд хэд хэдэн тогтоол баталж, уран баяжуулахаас татгалзахыг шаардаж, Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан юм. Тегеран ийнхүү буруутгаж байгааг үгүйсгэж, тус улсын цөмийн хөтөлбөр энхийн шинжтэй хэмээн мэдэгдэж байна. Орос улс асуудлыг хориг арга хэмжээ авалгүй, дипломат арга замаар шийдэх хэрэгтэй гэж үзэж байгаа ч, Тегераны цөмийн хөтөлбөр ил тод бус байгааг хүлээн зөвшөөрсөн юм. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев лхагва гаригт Вашингтонд Брукингийн хүрээлэнд хэлсэн үгэндээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ираны эсрэг хориг арга хэмжээ авахыг хүсэхгүй байна. Гэхдээ ийм арга хэмжээ авахаас аргагүй байж магадгүй байна гэжээ.