Эх орны шинжлэх ухааны нэр хүндийг дэлхийн түвшинд өргөж явах! Оросын шинжлэх ухаан академийн олон улсын хамтын ажиллагааны албан бус уриа энэ юм. Өнөөгийн байдлаар Оросын шинжлэх ухаан академи европ, америк, азийн орнуудын шинжлэх ухааны бараг бүх академитай тогтоосон харилцаагаа хадгалж, хөгжүүлж байна. Оросын шинжлэх ухааны академи 48 оронтой хамтран ажиллах тухай 70 хэлэлцээр байгуулж, хамтарсан судалгаа хийж байна. Монгол улс үүнд багтаж байна.  Бид Монголын шинжлэх ухааны академитай эрт дээрээс сайн харилцаа тогтоож, өргөн хүрээтэй сэдвээр хамтын ажиллагаагаа амжилттай хөгжүүлж байна гэж Оросын шинжлэх ухаан академийн гадаад харилцааны удирдах газрын дарга Сергей Маркиянов ярив. Сүүлийн жилүүдэд монголын ажил нэгт нөхөдтэй зургаан экспедицид хамтран ажиллаа. Тухайлбал орос-монголын биологийн цогц экспедиц хамгийн чухал нь юм. Экспедицийн хүрээнд монгол орны байгал, экологийн нөхцөл, байгал хамгаалах системийн байдлыг судаллаа. Экспедицийн ажлын явцад Монгол улс төдийгүй тус улстай хаяа дэрлэн оршдог Оросын бүс нутаг, Казахстан, Хятад, экологийн эрс тэрс нөхцөлд оршдог Ази, Африкийн олон оронд нэлээд чухал мэдээлэл авсан. Төв Азийн гол орон Монгол улсын экосистем, экологийн нөхцлийг судлах нь Евроазид экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад нэн чухал билээ. Оросын шинжлэх ухаан академийн урилгаар Монголын шинжлэх ухаан академийн дэд ерөнхийлөгч ноён Д.Рэгдэлийн ахалсан өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид саяхан Москва хотод ирсэн юм. Өнгөрсөн жил Монголын шинжлэх ухааны академийн сонгуулийн дараа шинэ удирдлага Оросын нийслэлд анх удаа ирсэн нь энэ юм. Бид янз бүрийн салбарт хамтран ажиллах тухай шинэ протоколд гарын үсэг зурлаа. Манай хамтын ажиллагааны хөтөлбөр таван жилийн хугацаатай. Гарын үсэг зурсан протоколын хавсралтад янз бүрийн чиглэлээр хамтран судалгаа явуулах 84 сэдвийг тодорхойлсон. Энэ нь юуны түрүүнд хүрээлэн буй орчныг хамгаалах, цаг уурын өөрчлөлт, экологи, байгалийн гамшгийг судлах, халдварт өвчинтэй тэмцэх зэрэг юм. Энэ “Хүрээлэн буй ертөнцөд Орос, Монгол улс” сэдэвтэй хамтарсан төслийн ажил юм. Хамтын ажиллагааны энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Одоо Оросын шинжлэх ухаан академийн ерөнхийлөгч Юрий Осипов Монгол улсад айлчлахаар бэлтгэж байна. Тэрээр долдугаар сард тус улсад очино. Оросын шинжлэх ухаан академийн ерөнхийлөгч Монгол улсад анх удаа айлчлах юм. Айлчлалын үеэр орос, монголын эрдэмтдийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлно. Монголын талаас Орос улсад доктор, дэд эрдэмтний диссертаци хамгаалах боломжийг үргэлжлүүлэхийг сонирхож байна. Юрий Осипов Монгол улсад очихдоо монгол түншүүдээ баярлуулсан санал тавих бодолтой байна.
Орчуулсан Г.Нарангарав
<сонсох>