Польшийн засгийн газрын Ту-154 нисэх онгоцны багийн гишүүд осол болохоос 3-5 секундын өмнө үүнээс бултах аргагүй болохыг мэдэж байжээ. Польшийн цэргийн ерөнхий прокурор хурандаа Кшиштоф Парульский лхагва гаригт энэ тухай мэдэгдэв. “Хар хайрцагны” бичлэгийг тайлсны дүнд тэрээр ийнхүү хэлжээ. Нисэгчийн сүүлийн үг “их түгшүүртэй” байсан гэж хурандаа Парульский хэлээд, онгоц газар унахын өмнө нисэх багийн гишүүд чухам юуны тухай ярьсныг мэдээлэхээс татгалзав. Нисэх онгоцны зорчигчид онгоц сүйрэх тухай мэдэж байсан эсэхийг Польшийн цэргийн ерөнхий прокурор мөн хэлэхээс татгалзжээ. “Смоленск орчимд болсон ослын газраас нисэх онгоцны хэсгийн 50 орчим хувийг цуглуулсан” гэж хурандаа Парульский уламжлав. Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн явсан Ту-154 нисэх онгоц өнгөрсөн бямба гаригт Смоленск орчимд газардахдаа сүйрсэн юм. Энэ үеэр 96 хүн үрэгджээ.